Иошуа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


-Reset+

Бүлэг 4

1 1. Ингээд үндэстэн бүхлээрээ Иорданыг гаталж дуусахад ЭЗЭН Иошуатай ярин—
2 Овог тус бүрээс нэг хүн буюу ард түмнээс нийт арван хоёр хүн авч,
3 “Иорданы голоос, тахилч нарын хөл бат зогсож буй газраас өөрсдөдөө арван хоёр чулуу авч, өргөн зөөгөөд, энэ шөнө хоноглох газраа аваачиж тавь” гэж тэдэнд тушаагтун гэжээ.
4 Тэгэхэд нь Иошуа овог тус бүрээс нэг хүн буюу Израилийн хөвгүүдээс өөрийн томилсон арван хоёр хүнийг дуудаад,
5 тэдэнд—ЭЗЭН Бурханыхаа авдар уруу Иорданы голд нь очин, Израилийн хөвгүүдийн овгуудын тоогоор хүн нэг бүр чулуу аван мөрөн дээрээ үүрээд авчир.
6 Энэ нь та нарын дунд тэмдэг болон байг. Хожим хүүхдүүд тань та нараас “Энэ чулуунууд ямар учиртай юм бэ?” гэж асуухад
7 та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы урсгал тасарч байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус тасарсан юм” хэмээн хэл. Тиймээс ч эдгээр чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.
8 Ингээд Израилийн хөвгүүд Иошуагийн тушаасан ёсоор гүйцэтгэж, ЭЗЭН Иошуад айлдсанчлан, Израилийн хөвгүүдийн овгуудын тоогоор арван хоёр чулууг Иорданы голоос аван, хоноглох газартаа аваачин, тэнд тавив.
9 Дараа нь Иошуа гэрээний авдрыг дамнан явсан тахилч нарын хөл зогсож байсан тэр газарт, Иорданы голд арван хоёр чулуу аваачин овоолов. Тэдгээр чулуунууд өнөөг хүртэл тэнд байгаа билээ.
10 Мосегийн Иошуад захирамжилсан ёсоор Иошуад ЭЗЭНий тушаасан бүгдийг ард олон гүйцэтгэж дуустал авдрыг дамнасан тахилч нар Иорданы голд зогссоор л байв. Ард олон яаравчлан гатлав.
11 Бүх хүмүүс гаталж дуусмагц, ЭЗЭНий авдар ба тахилч нар хүмүүсийн өмнө гатлан гарч ирлээ.
12 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд, мөн Манассегийн хагас овгийнхон тулалдааны бүрэн зэвсэгтэйгээр Мосегийн тэдэнд хэлсний дагуу Израилийн хөвгүүдийн тэргүүнд гаталж гарав.
13 Дайтахаар зэвсэглэсэн дөчин мянгаад хүн ЭЗЭНий өмнө тулалдахаар Иерихогийн тал газар уруу гатлав.
14 Тэр өдөр ЭЗЭН Иошуаг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилсөн нь тэд Мосег амьдралынх нь турш хүндэтгэж байсан шиг түүнийг ч мөн хүндэтгэхийн тулд билээ.
15 ЭЗЭН Иошуад—
16 Гэрчлэлийн авдрыг дамнасан тахилч нарт Иорданаас гарч ирэхийг тушаа гэж айлдав.
17 Тэгэхэд нь Иошуа тахилч нарт—Иорданаас гарч ир гэж тушаав.
18 ЭЗЭНий гэрээний авдрыг дамнасан тахилч нар Иордан голоос гарч ирж, тахилч нарын хөлийн ул хуурай газарт хүрэх үед Иорданы ус хуучин хэвэндээ орж, урьдынх шигээ бүх эргээ халин урсав.
19 Ард олон анхдугаар сарын аравны өдөр Иорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав.
20 Иорданаас тэдний авсан тэдгээр арван хоёр чулууг Иошуа Гилгалд овоолов.
21 Тэр Израилийн хөвгүүдэд—Ирэх цагт үр хүүхдүүд чинь эцгүүдээсээ “Энэ юун чулуунууд вэ?” хэмээн асуувал,
22 та нар тэдэнд “Израильчууд энэ Иорданыг хуурай газраар гаталсан юм” гэж хэл.
23 Учир нь биднийг гаталж дуустал ЭЗЭН Бурхан тань бидний өмнө Улаан тэнгисийг ширгээсний адилаар одоо ЭЗЭН Бурхан тань та нарыг гаталж дуустал Иорданы усыг та нарын өмнө ширгээсэн билээ.
24 Энэ нь дэлхийн бүх хүнд ЭЗЭНий мутар хүчирхэг болохыг мэдүүлэхийн тулд юм. Ингэснээр та нар ЭЗЭН Бурханаасаа мөнхөд эмээх юм гэв.