Иошуа
Бүлэг 11
1 1. Хазорын хаан Иабин үүнийг сонсоод, Мадоны хаан Иобаб болон Шимрон ба Ахшафын хаанд,
2 Хиннеротын өмнө талын Араба, өрнө зүгийн нам газрууд ба Дорын өндөрлөгт байгч хойд зүгийн уулархаг нутгийн хаадад буюу,
3 өрнө ба дорно зүгт байгч канаанчууд, мөн уулархаг нутгийн аморичууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд болон Мизпе нутгийн Ермоны хормойд орших хивичүүд уруу үг илгээв.
4 Тэд өөрсдийн бүх цэрэг буюу далайн эргийн элс шиг тоо томшгүй хүн, их хэмжээний морьд ба тэрэгтэй гарч ирлээ.
5 Тийнхүү эдгээр бүх хаад уулзахаар тохирон, Израилийн эсрэг дайтахаар Меромын усны хажууд ирж хамтдаа буудаллав.
6 ЭЗЭН Иошуад—Тэднээс бүү айгтун. Учир нь маргаашийн өдийд Би Израилийн өмнө тэднийг бүгдийг нь хядах болно. Та нар тэдний морьдын шөрмөсийг тасалж, тэрэгнүүдийг нь галд шатаах болно гэлээ.
7 Ийнхүү Иошуа цэргийн бүх хүмүүсийн хамт Меромын усны дэргэд тэдний дээр гэнэт орж ирж, тэднийг довтлов.
8 ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг ялж, Агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпегийн хөндий хүртэл тэднийг мөшгөн хөөж, тэдэнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь тэднийг цохив.
9 ЭЗЭНий өөрт нь айлдсаныг Иошуа тэдэнд үйлдэж, морьдынх нь шөрмөсийг таслан, тэрэгнүүдийг нь галд шатаалаа.
10 Тэр цагт Иошуа буцаж, Хазорыг эзлэн авч, хааныг нь илдээр цохив. Учир нь Хазор урьд нь эдгээр бүх хаанчлалын тэргүүн байв.
11 Тэд хот доторх бүх хүнийг илдний ирээр цохин хүйс тэмтрэв. Амьсгалтай нэг ч хүнийг тэнд үлдээгээгүй. Иошуа Хазорыг галдан шатаав.
12 Мөн Иошуа тэдгээр хаадын бүх хотуудыг хаадтай нь хамт эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасанчлан хүйс тэмтрэв.
13 Гэхдээ Иошуагийн шатаасан хот болох Хазораас бусад, довон дээрээ баригдан зогсох хотуудаас нэгийг нь ч Израиль шатаагаагүй юм.
14 Израилийн хөвгүүд эдгээр хотуудын бүх эд хогшил болон мал сүргийг өөрсдөдөө олз болгон авсан. Харин бүх хүмүүсийг устган устгатлаа илдний ирээр цохижээ. Тэд амьсгаатай нэг ч хүн үлдээгээгүй.
15 ЭЗЭН өөрийн зарц Мосед тушаасан шиг, Мосе Иошуад тушааж, Иошуа ч тушаал ёсоор үйлдэв. ЭЗЭНий Мосед тушаасан бүхнээс Иошуа нэг ч зүйлийг хийлгүйгээр орхисонгүй.
16 Ингээд Иошуа бүх нутгийг, тухайлбал, уулархаг нутаг, Негев, Гошены бүх нутаг, нам дор газар, Араба ба Израилийн уулархаг нутаг болон нам дор газруудыг нь,
17 Сеир уруу өгссөн Халак уулнаас авахуулаад бүр Хермон уулын хормой дахь Ливаны хөндийн Баал-гад хүртэлхийг эзлэн авав. Тэр мөн бүх хаадыг нь олзолж, тэднийг цавчин алав.
18 Иошуа эдгээр бүх хаадтай урт хугацаагаар дайн хийв.
19 Гибеоны оршин суугч хивичүүдээс өөр Израилийн хөвгүүдтэй найрамдал тогтоосон хот нэг ч байсангүй. Тэд бүх хотуудыг тулалдан авсан.
20 Учир нь ЭЗЭН тэдний сэтгэлийг хатууруулаад, Израильтай дайтуулахаар ирүүлсэн нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израиль тэднийг бүрмөсөн, ямар ч өршөөлгүйгээр устгахын тулд байв.
21 Тэр цагт Иошуа ирж, Хеброн, Дебир, Анаб, Иудагийн бүх уулархаг нутаг болон Израилийн бүх уулархаг нутгуудаас анакчуудыг таслан устгав. Иошуа тэднийг хотуудтай нь хамт бүрмөсөн устгасан билээ.
22 Израилийн хөвгүүдийн нутагт нэг ч Анак хүн үлдсэнгүй. Зөвхөн Газ, Гат болон Ашдодод зарим нь амьд үлджээ.
23 Тийнхүү Мосед ЭЗЭНий айлдсан бүхний дагуу Иошуа бүхэл нутгийг аваад, үүнийгээ овгийн хуваарилалтынх нь дагуу Израильд өвлүүлэн өгөв. Ийнхүү тэр нутаг дайн дажингүй болов.