Иошуа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


-Reset+

Бүлэг 18

1 1. Ингээд Израилийн хөвгүүдийн нийт чуулган Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв.
2 Израилийн хөвгүүдийн дунд өв залгамжлалаа хүлээн аваагүй долоон овог үлдсэн байлаа.
3 Иймээс Иошуа Израилийн хөвгүүдэд хэлсэн нь—Эцэг өвгөдийн тань Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн газар нутгийг эзэмшилдээ авахаасаа өмнө та нар хэр удаан хүлээх юм бэ?
4 Овог бүрээс гурав гурван хүнийг томил. Тэд босож, уг нутгаар явж, тус бүрийн өв залгамжлалын дагуу уг газрыг тодорхойлон бичүүлэхийн тулд би тэднийг гадагш явуулна. Дараа нь тэд над дээр буцаж ирнэ.
5 Тэд түүнийг долоон хэсэгт хуваана. Иуда өмнө зүгт өөрийн нутагтаа үлдэх бөгөөд Иосефын гэр хойд зүгт өөрийн нутагтаа хэвээр үлдэх ёстой.
6 Та нар уг нутгийг долоон талаар тодорхойлон бичиж, дараа нь түүнийгээ надад авчир. Бидний Бурхан ЭЗЭНий өмнө би та нарын төлөө энд шавга орхих болно.
7 Харин левичүүдэд та нарын дундаас ямар ч оногдох хэсэг байхгүй, учир нь ЭЗЭНий тахилчийн үйлчлэл бол тэдний өв юм. Гад, Реубен болон Манассегийн хагас овгийнхон ч Иорданы зүүнтээд өөрсдийн өвийг авсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе үүнийг тэдэнд өгсөн юм.
8 Ингэхэд нутгийг тодорхойлон бичихээр хүмүүс босож явсан бөгөөд Иошуа тэдэнд тушаан—Нутаг даяар явж, түүнийг тодорхойлж бичээд, над уруу эргэн ир. Тэгэхэд би энд ЭЗЭНий өмнө Шилод та нарт зориулан шавгыг орхих болно гэв.
9 Тийнхүү хүмүүс уг нутгаар явж, түүний талаар хот хотоор нь, долоон хэсэг тус бүрээр номд тодорхойлж бичив. Тэд Шило дахь хүрээ буудалд Иошуа дээр ирлээ.
10 Иошуа Шилод ЭЗЭНий өмнө тэдэнд шавгыг орхисон ба тэнд Иошуа уг нутгийг Израилийн хөвгүүдэд, тэдний овгийнх нь хуваарилалтын дагуу хуваав.
11 Бениамины хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу шавга буулаа. Тэдэнд оногдсон нутаг нь Иуда болон Иосефын овгийнхны нутгийн хооронд байв.
12 Хойд зүг дэх тэдний хил нь Иорданаас эхэлж байсан ба Иерихогийн хойд тал уруу өгсөн гарч, баруун зүгт уулархаг нутгийг дамжин өгсөж, Бет-авены цөлд ирэн төгсөж байв.
13 Эндээс хил Луз хүртэл (энэ нь Бетел юм) үргэлжлэн өмнөд бэлээр нь гарч, доод Бет-хороны өмнө талд орших уулын дэргэдэх Атарот-аддар уруу уруудсан байв.
14 Эндээс уг хил Бет-хороны өмнө зүгт орших уулаас үргэлжлэн баруун талаар нь өмнө зүгт эргэн, Иудагийн хөвгүүдийн хот Кириат-баалд (энэ нь Кириат-иеарим юм) ирэн төгсөж байв. Энэ нь баруун тал нь байлаа.
15 Өмнөд тал нь Кириат-иеаримын баруун захаас эхлэн Нефтоагийн булгийн ус хүртэл баруун тийш явсан байлаа.
16 Тэгээд уг хил Рефаимын хөндийн хойно байдаг Бен-хинномын хөндийд орших уулын хормой хүртэл уруудаад, иебусчуудын бэлийн өмнөд талаар дамжин Хинномын хөндий болон Ен-рогел уруу үргэлжилж байв.
17 Энэ нь хойд зүг уруу сунан, Ен-шемеш уруу явж, Адуммимын өгсүүрийн эсрэг орших Гелилот уруу үргэлжлэн, Реубений хүү Боханы хад уруу уруудсан байлаа.
18 Тэгээд Бетарабагийн хойд бэлээс үргэлжлэн, доошоо Араба уруу явсан байв.
19 Уг хил Бет-хоглагийн хойд бэл уруу үргэлжлээд, Давст тэнгисийн хойд тохойд, Иорданы өмнөд адагт ирэн төгсөж байв. Энэ нь өмнөд хил нь байлаа.
20 Түүнээс гадна, Иордан гол зүүн хил нь болж байв. Энэ бүхэн нь Бениамины хөвгүүдийн тэдний ургуудын дагуух өвийн эргэн тойрны бүх хил нь байлаа.
21 Бениамины хөвгүүдийн овгийн тэдний ургийнхны дагуух хотууд нь гэвэл, Иерихо, Бет-Хогла ба Емек-кезиз,
22 Бет-арава, Земараим ба Бетел,
23 Аввим, Пара ба Офра,
24 Хефар-аммони, Офни ба Геба зэрэг арван хоёр хот нь тосгодынхоо хамт,
25 Гибеон, Рама ба Беерот,
26 Мизпе, Хефира ба Моза,
27 Рекем, Ирпеел ба Тарала,
28 Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим юм), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот нь тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн өөрсдийнх нь ургуудын дагуух өв нь билээ.