Египетээс Гарсан Нь

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40


-Reset+

Бүлэг 19

1 1. Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв.
2 Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллав.
3 Мосе Бурхан уруу өгсөн очсонд, ЭЗЭН түүнийг уулаас дуудан—Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл.
4 “Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн, яаж Өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан.
5 Одоо хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх.
6 Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно”. Эдгээр үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.
7 Тийнхүү Мосе ирж, ард түмний ахмадуудыг дуудан, өөрт нь ЭЗЭНий тушаасан эдгээр бүх үгсийг тэдэнд хэлэв.
8 Бүх ард түмэн нийтээрээ—ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд дамжуулав.
9 ЭЗЭН Мосед—Үзэгтүн, Миний чамтай ярихыг ард түмэнд сонсгож, тэднийг чамд үүрд итгүүлэхийн тулд Би чам уруу өтгөн үүлээр очно гэв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд хэлэв.
10 Бас ЭЗЭН Мосед—Ард түмэн уруу очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариусган хувцсыг нь угаалга.
11 Тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ.
12 Чи ард түмний төлөө уулын эргэн тойронд хүрээ татаад, “Уулан дээр гарах буюу хормойд нь хүрэхээс болгоомжил. Ууланд хүрсэн аливаа хүнийг заавал алах ёстой.
13 Тэр хүнд гар хүрч болохгүй. Харин түүнийг чулуугаар шидэж, эсвэл сумаар харвах ёстой. Хүн ч бай, мал ч бай амьд үлдэх ёсгүй” гэж хэл. Хуцын эврэн бүрээ удаан хүнгэнэхэд тэд уул өөд гарч ир гэв.
14 Тийнхүү Мосе уулаас буун ирж, ард түмнийг ариусгав. Тэд өөрсдийн хувцсыг угаав.
15 Мосе ард түмэнд—Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв.
16 Гурав дахь өдрийн өглөө уулыг өтгөн үүл бүрхэн, тэнгэр дуугарч, аянга цахилгаан цахилж, асар хүчтэй бүрээн дуу хүнгэнэсэнд хуаранд байсан бүх ард түмэн дагжин чичрэв.
17 Бурхантай уулзахаар Мосе ард түмнийг хуарангаас дагуулан гарч, тэд уулын бэлд зогслоо.
18 Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. Утаа нь зуухны утаа шиг хөөрч, уул бүхэлдээ асар хүчтэй доргиж байлаа.
19 Дараа нь бүрээн дуу улам улмаар чангарахад Мосе ярьж, Бурхан аянга мэт дуугаар түүнд хариулав.
20 ЭЗЭН Синаи уулан дээр, уулын орой дээр залран буусан. ЭЗЭН Мосег уулын орой уруу дуудсанд Мосе очив.
21 ЭЗЭН Мосед—Бууж очоод, ард түмэнд хатуу анхааруул. Тэд ЭЗЭНийг үзэх гэж дайрч, олноороо үхэх вий.
22 ЭЗЭНд ойртон ирэх тахилч нар бас өөрсдийгөө ариусгаг. Эс тэгвэл ЭЗЭН тэдний эсрэг дайрна гэв.
23 Мосе ЭЗЭНд—Ард түмэн Синаи ууланд гарч чадахгүй. Учир нь Та “Уулыг тойруулан хүрээ татаж, уулыг ариусга” гэж анхааруулсан билээ гэв.
24 Тэгэхэд ЭЗЭН түүнд—Бууж очоод, Ааронтай хамт гарч ир. Харин тахилч нар ба ард түмэн ЭЗЭНд ойртохоор бүү дайраг. Эс тэгвэл Тэр тэдэн уруу дайрна гэв.
25 Тиймээс Мосе ард түмэн уруу бууж, тэдэнд хэлэв.