Египетээс Гарсан Нь
Бүлэг 13
1 1. ЭЗЭН Мосед хандан,—
2 Израилийн хөвгүүдийн доторх, хүн, малын хэвлий бүрийн анхны төрөгсдийг, ууган үр бүрийг Надад ариусга. Энэ нь Минийх гэж айлдав.
3 Мосе ард түмэнд—Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана. Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.
4 Абиб сарын энэ өдөр та нар гарсан.
5 ЭЗЭНий та нарт өгөхөөр өвөг дээдэст чинь тангарагласан тэр газар буюу канаанчууд, хитчүүд, аморичууд, хивичүүд, иебусчуудын нутаг, сүү балаар бялхсан газарт ЭЗЭН та нарыг аваачих үед та нар энэ сард энэ ёслолыг тэмдэглэх ёстой.
6 Долоон өдрийн турш та нар исгээгүй талхыг идэж, долоо дахь өдөр ЭЗЭНд зориулж баяр хийгтүн.
7 Долоон өдрийн турш исгээгүй талхыг ид. Өөрсдийнхөө дунд болон бүх хил хязгаарынхаа дотор өөрсдийнхөө дунд та нар исгэх хөрөнгийг бүү байлга.
8 Тэр өдөр чи хүүдээ “Намайг Египетээс гарахад ЭЗЭН миний төлөө үйлдсэн үйлсээс болж ингэсэн юм” гэж хэл.
9 Үүнийг өөрийн гарт өөртөө тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сануулга болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.
10 Тийм учраас жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь.
11 ЭЗЭН чамд болон чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг канаанчуудын нутаг уруу аваачин, тэр газрыг чамд өгөх үед
12 чи хэвлий бүрийн ууган үр болон өөрт байгаа мал бүрийн анхны төлийг ЭЗЭНд зориул. Эр хүйстэн нь ЭЗЭНийх юм.
13 Харин илжигний анхны төл бүрийг хургаар золигтун. Хэрэв золихгүй гэвэл түүний хүзүүг нь хугал. Чиний хөвгүүдийн дундаас хүний аливаа ууган үрийг чи золь.
14 Хожим чиний хүү чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал, чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан.
15 Фараон биднийг явуулахгүй зөрүүдлэн татгалзсан үед Египетийн нутаг дахь аливаа анх төрөгсдийг, хүний ууган болон малын анхны төл бүрийг ЭЗЭН алсан. Тийм учраас би хэвлий бүрийн эр хүйстэй ууган болгоныг ЭЗЭНд тахил болгон өргөж, харин хөвгүүдийнхээ ууган бүрийг би зольдог” гэж хэл.
16 Үүнийг гартаа тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сахиус болго. Учир нь мутрынхаа хүчээр ЭЗЭН биднийг Египетээс гаргасан юм гэв.
17 Фараон ард түмнийг явуулахад филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан—Ард түмэн дайнтай тулгарвал, санаа бодлоо хувиргаж, Египет уруу буцах вий гэж айлдсан.
18 Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан Тэнгис уруу удирдав. Израилийн хөвгүүд Египетийн газраас жагсаалаар цувран гарлаа.
19 Мосе өөртөө Иосефын ясыг авлаа. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, “Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийнхөө хамт эндээс авч яваарай” гэсэн юм.
20 Тэд Суккотоос хөдөлж, цөлийн захад байх Етамд буудаллав.
21 ЭЗЭН тэдний замыг заахаар өдөр нь үүлэн баганаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр шөнөгүй явуулахын тулд тэдний өмнө явж байлаа.
22 Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс зайлсангүй.