Египетээс Гарсан Нь

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40


-Reset+

Бүлэг 18

1 1. ЭЗЭН Израилийг Египетээс хэрхэн гаргасан ба Бурхан Мосед болон Өөрийн ард түмэн Израильд юу хийснийг бүгдийг нь Мосегийн хадам эцэг, Мидианы тахилч Иетро сонссон.
2 Мосегийн хадам эцэг Иетро, Мосегийн явуулсан түүний эхнэр Зиппораг
3 болон хоёр хүүг нь авав. Тэдний нэгнийх нь нэрийг Гершом гэдэг аж. Учир нь Мосе—Би хүний газарт харь хүн болсон гэжээ.
4 Нөгөөгийнх нь нэрийг Елиезер гэдэг аж. Учир нь Мосе—Миний эцгийн Бурхан миний тусламж байсан бөгөөд намайг Фараоны илднээс аварсан гэжээ.
5 Мосегийн хадам эцэг Иетро, түүний эхнэр, хөвгүүдтэй нь хамт цөлд түүн дээр хүрч ирэв. Тэнд Мосе Бурханы ууланд буудалласан байв.
6 Тэр Мосед—Чиний хадам эцэг Иетро би чиний эхнэр, хоёр хүүтэй чинь хамт чам уруу ирж байна гэж мэдэгдэв.
7 Тэгэхэд Мосе хадам эцгээ тосохоор гарч, мэхийн, түүнийг үнсэв. Тэд амар мэндээ мэдэлцсэний дараа майханд орцгоов.
8 Мосе хадам эцэгтээ Израилийн төлөө Фараонд ба египетчүүдэд ЭЗЭНий үйлдсэн бүхнийг болон аян замд тохиолдсон бүх хэцүү бэрхшээлийн тухай, ЭЗЭН тэднийг хэрхэн аварсан тухай ярив.
9 Израилийг египетчүүдийн гараас аврах үед тэдэнд хандсан ЭЗЭНий бүх сайн сайханд Иетро баярлав.
10 Тиймээс Иетро—Та нарыг египетчүүдийн гараас, Фараоны гараас аварч, ард түмнийг египетчүүдийн гар дороос аварсан ЭЗЭН магтагдах болтугай.
11 Үргэлж ихэрхдэг тэднийг ялсан учир ЭЗЭН бол бүх бурхдаас илүү агуу юм гэдгийг би одоо мэдлээ гэв.
12 Тэгээд Мосегийн хадам эцэг Иетро Бурханд зориулан шатаалт тахил, өргөлүүдийг авлаа. Бурханы өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талх идэхээр Аарон Израилийн бүх ахмадуудтай цуг ирэв.
13 Дараа өдөр нь Мосе ард түмнийг шүүхээр сууж, ард түмэн өглөөнөөс орой хүртэл Мосегийн өмнө зогсов.
14 Ард түмний төлөө түүний хийж байгаа бүхнийг Мосегийн хадам эцэг хараад—Ард түмний төлөө хийж байгаа чиний энэ ажил чинь юу юм бэ? Яагаад бүх ард түмэн өглөөнөөс орой хүртэл чиний өмнө зогсож байхад, чи ганцаараа сууж байна вэ? гэж асуув.
15 Мосе хадам эцэгтээ хандан—Яагаад гэвэл ард түмэн Бурханаас асуухаар над уруу ирдэг.
16 Тэд маргаантай бол над уруу ирж, би уг хүн ба түүний хөршийн хоорондохыг шүүн, Бурханы зарлиг болон хуулиудыг мэдүүлдэг гэв.
17 Мосегийн хадам эцэг түүнд—Чиний хийж байгаа зүйл чинь сайн биш юм.
18 Чи ч, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй.
19 Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж, хэрэг заргуудыг Бурханд авчир.
20 Тэгээд тэдэнд зарлиг болон хуулиудыг зааж, явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүл.
21 Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавь.
22 Тэд ард түмнийг бүхий л цагт шүүг. Аливаа том хэргийг тэд чамд авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь үүрэлцэж, чамд хялбар болно.
23 Хэрэв чи энэ зүйлийг хийж, Бурхан чамд тушаавал, чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ өөрийн нутагтаа амар амгалан явах болно гэж хэлэв.
24 Тийнхүү Мосе хадам эцгийнхээ үгийг сонсоод, түүний хэлсэн бүхнийг хийв.
25 Мосе бүх Израилиас чадварлаг хүмүүсийг сонгож, мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүлэгчид болгов.
26 Тэд бүхий л цагт ард түмнийг шүүв. Ярвигтай хэргийг тэд Мосед авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүв.
27 Дараа нь Мосе хадам эцгээ үдэж явууллаа. Хадам эцэг нь нутаг уруугаа буцав.