Египетээс Гарсан Нь
Бүлэг 1
1 1. Өөрсдийн гэрийнхнийг дагуулж Иаковтай хамт Египетэд очсон Израилийн хөвгүүдийн нэрс гэвэл,
2 Реубен, Симеон, Леви ба Иуда,
3 Иссахар, Зебулун ба Бениамин,
4 Дан ба Нафтали, Гад ба Ашер юм.
5 Иаковын үр удам бүгд далан хүн байв. Харин Иосеф Египетэд байсан.
6 Иосеф, түүний ах дүү нар болон тэр үеийнхэн бүгд нас барав.
7 Гэвч Израилийн хөвгүүд өсөн, улам үржиж, олшрон, онцгой хүчтэй болж, тэр газрыг дүүргэв.
8 Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египетэд гарч ирэв.
9 Тэр өөрийн ард түмэнд—Үзэгтүн! Израилийн хөвгүүдийн ард түмэн биднээс олон, бас хүчтэй боллоо.
10 Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая. Тэгэхгүй бол тэд олон болж, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлж, бидний эсрэг байлдаж, энэ газраас гарах болно гэв.
11 Тиймээс тэднийг хүнд хүчир ажлаар зовоохын тулд тэдний дээр ажлын дарга нарыг тавив. Тэд Фараонд зориулж Питом болон Раамсес гэдэг агуулах хотуудыг барив.
12 Гэвч тэднийг хэдий чинээ зовоох тусам тэд төдий чинээ үржиж, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилийн хөвгүүдээс болж айдаст автав.
13 Египетчүүд Израилийн хөвгүүдийг хүнд хүчир ажилд албадан шахав.
14 Тэдэнд оноосон хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих болон хээрийн янз бүрийн ажлаар египетчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов.
15 Дараа нь Египетийн хаан Шифра ба Пуа гэдэг еврей эх баригчдад—
16 Та нар еврей эмэгтэйчүүдийг эх барих үедээ төрөх сандал дээр тэднийг ажиглаж байгаад хэрэв хүү төрвөл үхүүлж, харин охин төрвөл амьд үлдээ гэв.
17 Харин эх баригчид Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар хийлгүй, харин хөвгүүдийг амьд үлдээв.
18 Тиймээс Египетийн хаан эх баригчдыг дуудаж, тэдэнд—Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв.
19 Эх баригчид Фараонд—Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд эрүүл чийрэг болохоор эх баригчийг ирэхээс өмнө төрсөн байдаг гэж хариулав.
20 Иймээс Бурхан эх баригчдад сайнаар ханджээ. Ард түмэн олширч маш хүчирхэг болов.
21 Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгон өгөв.
22 Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ—Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.