Ром

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


-Reset+

Бүлэг 8

1 1. Тиймд эдүгээ Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял байхгүй.
2 Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ.
3 Махан бие мөхөс болохоор Хуулийн хийж чадаагүйг Бурхан хийсэн юм. Тэр Өөрийн Хүүг нүгэлт махан биетэй адил байдалд нүглийн тулд илгээж, махан биеийн дотор нүглийг шийтгэв.
4 Ингэснээр Хуулийн шаардлага нь махан биеийн дагуу бус, харин Сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэх болно.
5 Учир нь махан биеийн дагуу байгчид нь махан биеийн юмсыг боддог. Харин Сүнсний дагуу байгчид нь Сүнсний юмсыг боддог.
6 Махан биеийн бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой.
7 Яагаад гэвэл махан биеийн бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй.
8 Махан бие дотор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй.
9 Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал, та нар махан бие дотор бус, харин Сүнс дотор байна. Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш.
10 Хэрэв Христ та нарын дотор байгаа бол, нүглээс болж бие нь үхмэл хэдий ч, зөвт байдлын улмаас сүнс нь амьд байна.
11 Мөн үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос, Христ Есүсийг үхэгсдээс амилуулсан Тэр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжуулан үхлийн биест чинь амь өгнө.
12 Тиймд ах дүү нар аа, бид махан биеийн дагуу амьдрахын тулд махан биед өртөнгүүд биш.
13 Учир нь хэрэв та нар махан биеийн дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно.
14 Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм.
15 Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид «Аав! Эцэг минь!» гэж дууддаг.
16 Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг.
17 Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм.
18 Учир нь энэхүү өнөө үеийн зовлонгууд нь бидэнд илчлэгдэх тэрхүү алдартай зүйрлүүлшгүй гэж би боддог.
19 Учир нь бүтээлийн тэсэн ядаж хүлээдэг нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэх юм.
20 Учир нь бүтээл нь өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан юм.
21 Энэ нь бүтээл нь өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд авчрагдах болно гэсэн найдварын улмаас юм.
22 Учир нь өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ.
23 Зөвхөн үүнд ч биш, харин бас бид, өөрсдөдөө Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэн ядаж хүлээдэг.
24 Учир нь бид найдвараар аврагдсан байлаа. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна?
25 Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг.
26 Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон байж бидний төлөө зуучлан гуйдаг.
27 Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Яагаад гэвэл Тэр Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө зуучлан гуйдаг юм.
28 Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ.
29 Тэр Өөрийнхөө Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас тогтоосон юм.
30 Тэр урьдаас тогтоосон хүмүүсээ мөн дуудсан. Тэр дуудсан хүмүүсээ мөн зөвтгөсөн. Тэр зөвтгөсөн хүмүүсээ мөн алдаршуулсан.
31 Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?
32 Тэр Өөрийн Хүүгээ үл өршөөж, харин Түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл Тэр яаж бүх юмыг Түүний хамт бидэнд сул өгөхгүй байх билээ?
33 Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан нь зөвтгөгч нэгэн мөн.
34 Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм.
35 Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү?
36 «Таны төлөө бид бүхэл өдөржингөө үхэж,Бид нядлагдах хонь мэт тооцогдож байв»гэж бичигдсэн юм.
37 Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг.
38 Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч,
39 өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна.