Ром
Бүлэг 4
1 1. Тиймд махан биеэрээ бидний өвөг болсон Абрахам юуг олсон гэж бид хэлэх вэ?
2 Хэрэв Абрахам үйлсээрээ зөвтгөгдсөн бол тэр сайрхах юмтай. Гэхдээ Бурханы өмнө биш.
3 Сударт юу гэж байна вэ? «Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвд тооцуулсан байна» гэдэг.
4 Ажил хийдэг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог.
5 Харин ажил хийдэггүй боловч, бурханлаг бус хүнийг зөвтгөдөг Түүнд итгэдэг хүний хувьд итгэл нь зөвд тооцогддог.
6 Түүнчлэн Давид бас үйлсгүйгээр Бурханд зөв хэмээн тооцогдсон хүний ивээгдсэнийг ийнхүү хэлжээ.
7 «Хууль бус явдал нь уучлагдаж,Нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерөөлтэй.
8 Эзэн нүглийг нь огт үл тооцох тэр хүн ерөөлтэй»гэжээ.
9 Тэгвэл энэ ерөөл нь хөвч хөндүүлсэн хүмүүст хамаатай юу? Эсвэл хөвч хөндүүлээгүй хүмүүст бас хамаатай юм уу? Учир нь бид «Итгэл нь Абрахамыг зөвд тооцуулсан» гэж ярьдаг.
10 Тийм бол энэ нь яаж тооцуулсан юм бэ? Хөвч хөндүүлсэн байхдаа юм уу, эсвэл хөвч хөндүүлээгүй байхдаа юм уу? Хөвч хөндүүлсэн байхдаа биш, хөвч хөндүүлээгүй байхдаа юм.
11 Абрахам хөвч хөндүүлээгүй үедээ итгэлийн зөвийн тамгаар хөвч хөндөх ёслолын тэмдгийг хүлээн авчээ. Тэр хөвч хөндүүлэлгүй итгэдэг бүх хүний эцэг нь болж, тэднийг зөвд тооцуулахын тулд ингэжээ.
12 Мөн хөвч хөндүүлээд зогсохгүй, бас хөвч хөндүүлээгүй байхад нь бидний эцэг Абрахамд байсан итгэлийн мөрөөр мөшгөгч хүмүүст хөвч хөндөлтийн эцэг болов.
13 Учир нь ертөнцийн өв залгамжлагч байх болно хэмээн Абрахамд болон түүний үр удамд өгөгдсөн амлалт нь Хуулиар бус, харин итгэлийн зөвт байдлаар байсан аж.
14 Учир нь хэрэв Хуулиар байгсад нь өв залгамжлагчид юм бол, итгэл нь хоосон болгогдсон бөгөөд амлалт устгагдсан юм.
15 Учир нь Хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль байхгүй байна, тэнд бас зөрчил гэж байхгүй.
16 Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үр удамд, зөвхөн Хуулийн үр удамд төдийгүй, мөн Абрахамын итгэлийн үр удамд ч баталгаатай байх юм. Абрахам бол
17 (Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ) үхэгсдэд амь өгөгч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм.
18 «Чиний үр удам ийм болно» гэж урьд нь айлдсан ёсоор тийнхүү олон үндэстний эцэг болохын тулд тэр найдах аргагүй үед найдан итгэсэн.
19 Тэр зуугаад насалсан тул биеийнхээ бараг үхсэнийг болон Сарагийнх нь умай үхмэл болсныг мэдсэн хэдий ч итгэлээр дорой болсонгүй.
20 Харин Бурханы амлалтын талаар тэр үл итгэн тээнэгэлзэлгүй, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөн,
21 Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байлаа.
22 Тиймээс энэ нь түүнийг зөвт байдалд тооцуулсан ажээ.
23 «Тэр зөвт байдалд тооцогдсон» гэж бичигдсэн нь зөвхөн түүний төлөө бус,
24 бидний Эзэн Есүсийг үхэгсдээс амилуулсан Түүнд итгэж, зөвт байдалд тооцогдох мөн бидний төлөө билээ.
25 Есүс бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан бөгөөд бидний зөвтгөлийн төлөө амилуулагдсан юм.