Иохан
Бүлэг 19
1 1. Тэгээд Пилат Есүсийг аваачиж ташуурдуулав.
2 Цэргүүд үүргэнээр титэм сүлжээд, Түүний толгой дээр тавьж, нил ягаан нөмрөг нөмрүүлэв.
3 Тэд Түүн дээр ирж—Иудейчүүдийн хааныг мэндчилье гээд нүүрийг нь алгадав.
4 Пилат дахин гарч ирээд хүмүүст—Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв.
5 Есүс үүргэнэн титэм, нил ягаан нөмрөгтэй гарч ирэв. Пилат тэдэнд—Энэ Хүнийг харагтун гэлээ.
6 Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Түүнийг хараад—Цовдол, цовдол хэмээн хашхиралдлаа. Пилат тэдэнд—Өөрсдөө Түүнийг ав. Та нар цовдол. Миний хувьд Түүнээс ямар ч буруу олсонгүй гэв.
7 Иудейчүүд түүнд хандан—Бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу бол Тэр үхэх ёстой. Яагаад гэвэл Тэр Өөрийгөө Бурханы Хүү болгосон юм гэцгээж байлаа.
8 Пилат үүнийг сонсоод улам их айж,
9 дахин ордондоо орж Есүсээс—Та хаанаас ирсэн юм бэ? гэж асуусанд Есүс түүнд юу ч хариулсангүй.
10 Тиймд Пилат Түүнд—Та надад хэлэхгүй юм уу? Таныг суллах ба загалмайд цовдлох эрх мэдэл надад байгааг Та мэдэхгүй байна гэж үү? гэлээ.
11 Есүс [түүнд]—Танд дээрээс эрх мэдэл өгөгдөөгүй л бол, Миний эсрэг байх ямар ч эрх мэдэл баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж айлдав.
12 Үүний улмаас Пилат Түүнийг суллахыг оролджээ. Харин иудейчүүд—Хэрэв та энэ Хүнийг суллавал, Цезарийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн болгон Цезарийн дайсан мөн гэж хашхиралдаж байв.
13 Тэдгээр үгсийг Пилат сонсоод Есүсийг гаргаж, Шигтгэмэл чулуун индэр буюу еврейгээр Габбата гэдэг газарт шүүгчийн суудалд суув.
14 Дээгүүр Өнгөрөх баярын бэлтгэл өдөр байлаа. Зургадугаар цагийн орчим Пилат иудейчүүдэд—Харагтун. Та нарын Хаан! гэж хэллээ.
15 Тэгтэл тэд—Түүнийг тонилго, тонилго. Түүнийг цовдол хэмээн хашхиралдсанд Пилат тэдэнд—Танай Хааныг би цовдлох уу? гэхэд ахлах тахилч нар—Цезариас өөр хаан бидэнд байхгүй гэв.
16 Ингээд Пилат Түүнийг цовдлуулахаар тэдэнд тушаалаа.
17 Иймээс тэд Есүсийг аваад явлаа. Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавлын Газар хэмээх газар уруу явав.
18 Тэнд Түүнийг өөр хоёр хүний хамт хүмүүс цовдолжээ. Есүсийг дунд нь, хоёр талд нь тэднийг цовдлов.
19 Пилат мөн пайзан дээр «Иудейчүүдийн Хаан, Назарын Есүс» гэж бичээд, Есүсийн загалмай дээр тавиулжээ.
20 Есүсийг цовдолсон газар хотоос холгүй байсан бөгөөд пайзан дээр еврей, латин, грек хэлээр бичсэн тул олон иудейчүүд үүнийг уншжээ.
21 Иудейчүүдийн ахлах тахилч нар Пилатад—“Иудейчүүдийн Хаан” гэж бүү бич. Харин Тэр “Би бол иудейчүүдийн Хаан” хэмээн хэлсэн гэв.
22 Пилат—Бичсэн зүйлээ би бичсэн юм гэлээ.
23 Цэргүүд Есүсийг цовдлоод, гадуур хувцсыг нь авч дөрвөн хэсэг болгож хувь хувиа хүртжээ. Дээрээс нь битүү нэхсэн ямар ч оёдолгүй дотуур хувцас бас байлаа.
24 Тэд хоорондоо—Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг шийдэхийн тулд үүний төлөө шодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь хуваан авч, Миний хувцасны төлөө шодох болно» [гэсэн] Судар биелэгдэхийн тулд ажээ.
25 Тиймээс цэргүүд энэ бүхнийг үйлдсэн юм. Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн нагац эгч нь болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм.
26 Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ—Эмэгтэй, энэ бол таны хүү гээд,
27 өнөөх шавьдаа—Энэ бол чиний эх гэж айлдав. Тэр цагаас хойш тэр шавь нь Есүсийн эхийг гэртээ аваачив.
28 Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд Судар биелэгдэхийн тулд—Би цангаж байна гэлээ.
29 Дүүрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн далайн хөвөнг хиссопын мөчирт торгоож Есүсийн аманд хүргэв.
30 Есүс цууг амсаж—Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ даатгав.
31 Тэр өдөр нь бэлтгэлийн өдөр байв. Амралтын өдөр цогцсуудыг загалмай дээр байлгах ёсгүй тул (мөн тэр Амралтын өдөр нь онцгой өдөр байсан учраас) иудейчүүд, тэдний хөлийг хугалж, тэднийг зайлуулахыг Пилатаас гуйжээ.
32 Цэргүүд ирж, Есүстэй хамт цовдлогдсон эхний хүний болон нөгөө хүнийх нь хөлийг хугалав.
33 Харин Есүс уруу ирээд Түүний хэдийн үхсэн байхыг тэд үзээд, хөлийг нь хугалсангүй.
34 Цэргүүдийн нэг нь Түүнийг хажуу уруу нь жадлахад цус, ус гоожлоо.
35 Харсан хүн нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл нь үнэн бөгөөд та нарыг ч мөн итгүүлэхийн тулд үнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ.
36 Судрын “Түүний нэг ч яс хугалагдахгүй” гэсэн нь биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ.
37 “Тэд жадалсан Хүн уруугаа харах болно” гэж мөн өөр Сударт хэлдэг.
38 Энэ бүхний дараа Есүсийн цогцсыг авахын тулд Ариматын Иосеф Пилатаас гуйсанд тэр зөвшөөрчээ. Иосеф иудейчүүдээс эмээж, нууцаар Есүсийн шавь байсан юм. Тэгээд тэр очиж, цогцсыг нь авчээ.
39 Мөн Никодем мирр, алоены зуун литра хольцыг авч ирэв. Тэр анх шөнөөр Есүс уруу ирж байсан юм.
40 Тэд Есүсийн цогцсыг авч, иудейчүүдийн оршуулгын заншил ёсоор анхилуун үнэртэнтэй маалинган даавуугаар ороов.
41 Түүнийг цовдолсон газарт цэцэрлэг байсан бөгөөд тэнд хэнийг ч тавиагүй шинэ хадан булш байлаа.
42 Тэгэхэд иудейчүүдийн хувьд бэлтгэлийн өдөр нь байсан бөгөөд тэр хадан булш ойролцоо байсан тул тэд Есүсийг тэнд тавьжээ.