Иохан

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21


-Reset+

Бүлэг 11

1 1. Бетаны Лазар гэгч эр өвчтэй байлаа. Бетан бол Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон болой.
2 Мариа бол Эзэнийг тосоор тослоод, Түүний хөлийг үсээрээ арчсан тэр эмэгтэй байв. Түүний ах Лазар нь өвчтэй байв.
3 Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж—Эзэн минь, хараач, Таны хайрладаг хүн өвдөв хэмээн хэлүүлэв.
4 Үүнийг сонсоод Есүс—Энэ өвчин үхэл уруу биш, харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ.
5 Марта, түүний охин дүү болон ах Лазарыг нь Есүс хайрладаг байлаа.
6 Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа хоёр хонов.
7 Дараа нь Тэр шавь нартаа—Бүгдээрээ дахиж Иудей уруу явцгаая гэхэд
8 шавь нар нь—Рабби, саяхан иудейчүүд Тан уруу чулуу чулуудахаар завдаж байсан. Та тийшээ дахиад явах гэж үү? гэв.
9 Есүс—Өдөрт арван хоёр цаг байдаг биз дээ? Хэрэв хүн өдөр явбал, тэр ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй.
10 Харин шөнө явбал, хүний дотор гэрэл байхгүй тул тэр бүдэрнэ гэж хэлэв.
11 Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд—Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд,
12 шавь нар нь Түүнд—Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв.
13 Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг зүгээр л унтах тухай ярьж байна гэж боджээ.
14 Тэгтэл Есүс тэдэнд шуудхан—Лазар үхсэн.
15 Та нарыг итгүүлэхийн тулд, тэнд байгаагүйдээ Би та нарын төлөө баяртай байна. Харин одоо түүн уруу явцгаая гэж айлдлаа.
16 Гэтэл Ихэр гэгддэг Томас бусад шавь нарт—Цөмөөрөө бас явцгаая. Тэгээд Түүнтэй хамт үхье гэж хэлэв.
17 Есүс ирээд, Лазар булшинд дөрвөн хоног байсныг мэдэв.
18 Бетан Иерусалимаас холгүй арван таван стадиа орчмын тэртээ байдаг аж.
19 Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудейчүүд тэднийд иржээ.
20 Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суусаар үлдлээ.
21 Марта Есүст—Эзэн, Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан.
22 [Тийм боловч] одоо Та Бурханаас юу ч гуйсан, Бурхан Танд өгнө гэдгийг би мэдэж байна гэв.
23 Есүс түүнд—Чиний ах амилна гэхэд
24 Марта Түүнд—Эцсийн өдрийн амилалтад тэр амилна гэдгийг би мэднэ гэв.
25 Есүс Мартад—Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна.
26 Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Чи үүнд итгэж байна уу? гэж асуув.
27 Марта—Тийм ээ, Эзэн. Та бол Бурханы Хүү болох Христ, ертөнцөд ирэх Нэгэн мөн гэдэгт би итгэсэн гэлээ.
28 Үүнийг хэлээд тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэн—Багш энүүхэнд байна. Чамайг дуудаж байна гэхэд
29 Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив.
30 Есүс тосгонд хараахан хүрч очоогүй агаад харин Мартатай уулзсан тэр газраа л байж байлаа.
31 Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг хараад араас нь дагав. Тэд түүнийг булшин дээр очин уйлахаар явлаа хэмээн боджээ.
32 Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад Есүсийн хөлд унаж,—Эзэн, хэрэв Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан гэлээ.
33 Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлж,—
34 Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэж асуухад тэд Түүнд—Эзэн, ирээд, үз гэлээ.
35 Есүс уйлав.
36 Тэгтэл иудейчүүд—Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа.
37 Харин тэдний зарим нь—Сохор хүний нүдийг нээсэн энэ хүн түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв.
38 Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булш уруу хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа.
39 Есүс—Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд—Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхий үнэр орсон байгаа гэж хэлэв.
40 Есүс Мартад—“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлээгүй бил үү? гэлээ.
41 Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан—Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна.
42 Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн. Таны Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох энэ хүмүүсийн төлөө Би үүнийг хэллээ гэв.
43 Тэр ийн айлдаад, чанга дуугаар—Лазар, гараад ир гэж хашхирав.
44 Үхсэн хүн гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд—Тайлж, түүнийг явуул гэв.
45 Мариагийнд ирсэн иудейчүүдээс олон хүн Есүсийн хийсэн зүйлийг хараад, Түүнд итгэжээ.
46 Харин тэдний зарим нь фарисайчууд уруу очиж, Есүсийн хийсэн зүйлийг тэдэнд хэлцгээв.
47 Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд зөвлөлдөж—Бид юу хийх вэ? Энэ хүн олон тэмдгийг үйлдэж байна.
48 Хэрэв бид Түүнийг ингээд орхивол, бүх хүмүүс Түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, манай орныг болон үндэстнийг маань устгана даа гэцгээв.
49 Харин тэдний нэг болох тэр жил тэргүүн тахилч болсон Каиаф тэдэнд—Та нар юу ч мэдэхгүй,
50 мөн бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодохгүй байна гэж хэлэв.
51 Тэр энэ үгсийг өөрийн санаагаар хэлээгүй. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир тэрээр Есүсийн үндэстнийхээ төлөө үхэх тухай болон
52 Түүний зөвхөн үндэстнийхээ төлөө бус, харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ.
53 Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв.
54 Тиймээс Есүс иудейчүүдийн дунд дахиж илээр явсангүй. Харин тэндээс цөлийн ойролцоох нутаг уруу явж, Ефрайм гэдэг хотод очжээ. Тэнд шавь нарынхаа хамт үлдэв.
55 Иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяр ойртсон байлаа. Олон хүн өөрсдийгөө ариусгахаар Дээгүүр Өнгөрөх баяраас өмнө нутгаасаа Иерусалим уруу иржээ.
56 Тэд Есүсийг хайж, сүм дотор байхдаа өөр хоорондоо—Та нар юу гэж бодож байна? Тэр баяр дээр ирэх болов уу? хэмээн ярьж байлаа.
57 Ахлах тахилч нар болон фарисайчууд хэрэв Түүний хаана байгааг мэдсэн хүн байвал Есүсийг бариулахаар энэ тухай мэдэгдэх ёстой гэсэн зарлиг буулгасан байв.