Иохан

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21


-Reset+

Бүлэг 15

1 Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ.
2 Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг.
3 Миний хэлсэн үгнээс болж та нар хэдийн цэвэр болжээ.
4 Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил хэрэв та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно.
5 Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй.
6 Хэрэв хэн нэг нь Миний дотор байхгүй бол мөчир мэт хаягдаж, хувхайрна. Хүмүүс тэдгээр мөчрүүдийг түүж, галд хаяхад шатна.
7 Хэрэв та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байвал та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарын төлөө биелэх болно.
8 Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно.
9 Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун.
10 Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно.
11 Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв.
12 Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал.
13 Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй.
14 Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн.
15 Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол мэддэггүй юм. Харин Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ.
16 Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс ургуулж, та нарын үр жимс үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр Миний нэрээр та нар Эцэгээс юуг ч гуйсан Тэр та нарт өгөх юм.
17 Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун.
18 Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн.
19 Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг.
20 “Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно. Хэрэв тэд Миний үгийг сахисан бол, та нарынхыг бас сахих болно.
21 Харин тэд Миний нэрээс болж та нарт энэ бүгдийг хийх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм.
22 Хэрэв Би ирж, тэдэнд хэлээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд өөрсдийн нүгэлд шалтаг байхгүй боллоо.
23 Намайг үзэн яддаг хүн Миний Эцэгийг ч мөн үзэн яддаг.
24 Хэрэв Би өөр хэний ч хийгээгүй ажлуудыг тэдний дунд хийгээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг минь үзэн ядаж байна.
25 Харин “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний Хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд тэд үүнийг үйлдсэн.
26 Би Эцэгээсээ та нар уруу Туслагчийг илгээнэ. Тэр бол Эцэгээс гарах үнэний Сүнс мөн. Тэр ирэхдээ Миний тухай гэрчилнэ.
27 Та нар эхнээсээ Надтай хамт байсан тул бас гэрчилнэ.