Зехариа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14


-Reset+

Бүлэг 14

1 1. Үзэгтүн, та нараас авагдсан олз нь та нарын дунд хуваагдсан байх тэр өдөр ЭЗЭНд ирж байна.
2 Би Иерусалимын эсрэг тулалдуулахаар бүх үндэстнүүдийг цуглуулна. Хот эзлэгдэж, гэр орнуудыг тонон, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, хотын хагас нь цөлөгдөх боловч ард түмний бусад нь хотоос таслагдахгүй.
3 Дараа нь ЭЗЭН урагшлан, тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдийн эсрэг Тэр дайтна.
4 Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ. Чидун уул зүүнээс баруун тийш өргөн хөндийгөөр голоороо хуваагдана. Тэгснээр уулын нэг тал нь умар зүг уруу, нөгөө тал нь өмнө зүг уруу нүүх болно.
5 Миний уулсын хөндийгөөр та нар зугтах болно. Учир нь уулсын хөндий нь Азелд хүрэх юм. Тийм ээ, та нар Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд тохиолдсон газар хөдлөлтөөс зугтсан шигээ зугтана. Тэгээд миний Бурхан ЭЗЭН ирэх бөгөөд бүх ариун нэгнүүд Түүнтэй хамт байна.
6 Тэр өдөр гэрэл гэгээгүй болж, сүр жавхлант нэгнүүд царцана.
7 Энэ нь өдөр ч, шөнө ч байхгүйгээрээ ЭЗЭНд танигдах ер бусын өдөр байх болно. Гэвч тэр үед үдшийн цагаар гэрэлтэй байх болно.
8 Тэр өдөр амийн ус Иерусалимаас урсан гарч, хагас нь дорнын тэнгис уруу, нөгөө хагас нь өрнийн тэнгис уруу чиглэнэ. Энэ нь өвөл зунгүй урсах болно.
9 ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН нь цорын ганцаар байж, Түүний нэр нь цорын ганц байх болно.
10 Гебагаас Иерусалимын өмнө орших Риммон хүртэлх бүх нутаг нь тал болон хувирах боловч Иерусалим өндийн, Бениамины Дааман Хаалганаас Нэгдүгээр Дааман Хаалганы газрын цаадах Булангийн Дааман Хаалга хүртэл, Хананелын Цамхгаас хааны усан үзмийн шахуурга хүртэлх байрлал дээрээ үлдэнэ.
11 Хүмүүс тэнд амьдарч, тэнд цаашид хараал байхгүй болж, Иерусалим нь аюулгүй орших болно.
12 Иерусалимын эсрэг дайнд мордох бүх ард түмнийг ЭЗЭНий цохих гай гамшиг нь энэ байх болно. Тэд хөл дээрээ зогсож байхад нь махан бие нь ялзарч, ухархайдаа нүднүүд нь бээж, амандаа хэл нь өмхийрнө.
13 Тэр өдөр тэдний дээр асар их үймээн сандрал ЭЗЭНээс буун ирнэ. Тэд нэг нэгнийгээ баривчлан, нэгийнх нь гар нөгөөгийнхөө гарын эсрэг өргөгдөнө.
14 Мөн Иуда ч Иерусалимд дайтна. Хүрээлэн буй бүх үндэстнүүдийн эд баялаг болох алт, мөнгө, хувцас хунар асар ихээрээ цуглана.
15 Мөн энэ гамшигтай адил гамшиг морь, луус, тэмээ, илжиг, бүх мал дээр бууж эдгээр хуарангуудад байх болно.
16 Иерусалимыг довтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгон нь жил бүр ирж, түмэн цэргийн ЭЗЭН болох Хаанд мөргөн, Майхан Баярыг тэмдэглэнэ.
17 Түмэн цэргийн ЭЗЭН болох Хаанд мөргөхөөр Иерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч гэр бүл дээр бороо хургүй байх болно.
18 Хэрэв Египетийн гэр ирэхгүй, орохгүй бол тэдний дээр бороо хур орохгүй юм. Майхан Баярыг тэмдэглэхээр ирдэггүй үндэстнүүдийг ЭЗЭНий цохих гамшиг нь энэ байх юм.
19 Майхан Баярыг тэмдэглэхээр ирдэггүй бүх үндэстний шийтгэл болон Египетийн шийтгэл нь энэ байх юм.
20 Тэр өдөр морьдын хонхнууд дээр “ЭЗЭНД АРИУН” гэж сийлэгдсэн байх болно. ЭЗЭНий өргөөн дэх хоолны тогоонууд нь тахилын ширээний өмнөх хулнууд мэт байна.
21 Иерусалим болон Иуда дахь хоолны тогоо бүр нь түмэн цэргийн ЭЗЭНд ариун байх болно. Бүх тахил өргөгчид ирж тэднийг аван, дотор нь чанана. Тэр өдөр түмэн цэргийн ЭЗЭНий өргөөнд канаанчууд цаашид байхаа болино.