Малахи

Бүлэг: 1 2 3 4


-Reset+

Бүлэг 1

1 1. Малахигаар дамжуулан Израильд хандсан ЭЗЭНий үгийн зөн.
2 “Би та нарыг хайрласан” гэж ЭЗЭН айлдаж байна. Гэвч та нар “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэж асуудаг. ЭЗЭН тунхаглаж байна. “Есав нь Иаковын ах бус уу? Гэсэн ч Би Иаковыг хайрлаж,
3 харин Есавыг үзэн ядсан. Би түүний уулсыг хоосруулж, түүний өвийг цөлийн цөөвөр чононуудынх болгосон”.
4 Едом нь “Бид цохигдсон, гэвч бид буцан ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг хорон муу нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно”.
5 Та нарын нүд үүнийг үзэж, та нар “ЭЗЭН Израилийн хилийн чанадад өргөмжлөгдөх болтугай” гэж хэлнэ.
6 “Миний нэрийг жигшигч тахилч нар аа, «Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг хүндэтгэх нь хаана байна вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэх нь хаана байна вэ?» гэж түмэн цэргийн ЭЗЭН та нарт айлдаж байна. Гэвч та нар «Бид Таны нэрийг яаж жигшсэн бэ?» гэж асуудаг.
7 Та нар бузартсан талхыг Миний тахилын ширээн дээр өргөж байна. Гэвч та нар «Бид Таныг яаж бузарласан бэ?» гэдэг. Үүгээрээ та нар «ЭЗЭНий ширээ жигшигдэх болтугай» гэж хэлж байна.
8 Гэвч та нар сохрыг тахил болгон өргөж байхад энэ нь муу биш гэж үү? Та нар доголон ба өвчтэйг өргөж байхад энэ нь муу биш гэж үү? Үүнийг захирагчдаа аваачиж өг. Тэр та нарт таатай хандана гэж үү? Эсвэл тэр та нарыг элэгсэгээр хүлээн авна гэж үү?” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
9 “Харин Түүнийг бидэнд нигүүлсэнгүй хандуулахын тулд та нар одоо Бурханы тааллыг хайхгүй гэж үү? Та нар иймэрхүү өргөлүүдтэй байхад, Тэр та нарын хэн нэгнийг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
10 “Миний тахилын ширээн дээр ашиггүй галыг асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
11 “Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр үндэстнүүдийн дунд аугаа байх болно. Газар бүрд Миний нэрд зориулан утлага болон цэвэр идээн өргөлийг өргөх болно. Учир нь Миний нэр үндэстний дунд аугаа болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
12 “Гэвч та нар «ЭЗЭНий ширээ нь бузарлагдсан. Түүний үр жимс, хоол хүнснийх нь хувьд гэвэл тэр нь жигшигдсэн» гэж хэлснээрээ та нар түүнийг бузарлаж байна.
13 Та нар бас «Хараач, энэ нь ямар ядаргаатай вэ» гэж хэлээд, үүнийг зэвүүцэнгүй сэжиглэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар хулгайлагдсан, доголон эсвэл өвчтэй амьтныг авч ирдэг. Ингэж та нар өргөл авчирдаг. Түүнийг чинь Би та нарын гараас авах ёстой гэж үү?” гэж ЭЗЭН айлдаж байна.
14 “Харин хонин сүрэгт нь эр хонь байхад, түүнийгээ өргөхөөр тангарагласан атлаа Эзэнд өө сэвтэй амьтныг тахил болгон өргөдөг луйварчин хараагдаг. Учир нь Би бол аугаа Хаан бөгөөд үндэстнүүд Миний нэрээс эмээдэг” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.