Зехариа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14


-Reset+

Бүлэг 7

1 1. Дариус хааны дөрөв дэх жилд Хислев хэмээх есдүгээр сарын дөрвөнд ЭЗЭНий үг Зехариад ирлээ.
2 Бетелийнхэн ЭЗЭНий тааллыг эрэхээр Шарезер, Редеммелех нарыг хүмүүсийнх нь хамт илгээв.
3 Тэд түмэн цэргийн ЭЗЭНий өргөөнд харьяалагддаг тахилч нар болон эш үзүүлэгчдэд хандан—Би энэ олон жилүүдэд үйлдсэн шигээ өөрийгөө зориулж, тавдугаар сард уйлах уу? гэсэнд
4 түмэн цэргийн ЭЗЭНий үг надад ирж—
5 Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. “Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү?
6 Идэж, уух үедээ чи өөрийнхөө төлөө идэж, чи өөрийнхөө төлөө уудаггүй гэж үү?
7 Иерусалим оршин суугчидтай байж, эргэн тойрных нь хотууд хөгжин цэцэглэж, Негев ба уулсын бэлээр ч хүн амьтантай байх үед эртний эш үзүүлэгчдээр ЭЗЭНий тунхагласан үгс нь эдгээр биш гэж үү?” гэв.
8 Тэгээд ЭЗЭНий үг Зехариад ирж—
9 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдсан. “Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун.
10 Бэлэвсэн болон өнчнийг, харь хүнийг болон ядууг бүү дарла. Нэг нэгнийхээ эсрэг зүрхэндээ мууг бүү төлөвлө”.
11 Гэвч тэд анхаарахаас татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.
12 Тэд өөрсдийн зүрхийг цахиур мэт болгосон учраас тэд түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг сонсож чадаагүй. Иймд түмэн цэргийн ЭЗЭНээс агуу уур хилэн ирсэн.
13 Түүнийг дуудахад тэд сонсоогүй шиг тэднийг дуудахад нь Би сонсохгүй гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
14 Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.