Еврей
Бүлэг 5
1 1. Учир нь хүмүүсийн дундаас авагдсан тэргүүн тахилч бүр бэлэг болоод нүглүүдийн төлөө тахилуудыг өргөхийн тулд Бурханд хамаарах юмс дотор хүмүүсийн төлөө томилогддог.
2 Тэр өөрөө ч мөхөс байдлаар хүрээлэгдсэн учраас үл мэдэгч болон төөрөлдөгчийг өршөөх чадвартай байв.
3 Энэхүү шалтгааны учир тэр хүн нүглүүдийн төлөөх тахилыг хүмүүсийн ба түүнчлэн өөрийнхөө төлөө өргөх ёстой ажээ.
4 Ямар ч хүн өөртөө энэ хүндлэлийг авдаг бус, харин Аароны адил Бурханаар дуудагдсан хүн авдаг.
5 Түүнчлэн Христ Тэргүүн Тахилч болон Өөрийгөө алдаршуулаагүй, харин Түүнд“Чи бол Миний Хүү мөн.Би Чамайг өнөөдөр төрүүлэв”гээд,
6 бас өөр газар“Чи бол Мелхизедекийн хэргэмийн дагууМөнхийн Тахилч юм”гэж Айлдагч нь алдаршуулсан юм.
7 Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.
8 Тэр Хүү нь байсан хэрнээ зовсон зүйлсээсээ дуулгавартай байдалд суралцсан.
9 Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүх хүнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд
10 Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн Тахилч болон өргөмжлөгдөв.
11 Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна.
12 Учир нь энэ цагт та нар багш байх ёстой боловч та нарт Бурханы үгсийн эхний үндэснүүдийг заахын тулд дахин та нарт хэн нэг нь хэрэгтэй аж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна.
13 Учир нь сүүгээр амьдрагч хүн бүр зөвт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр хүн балчир ажээ.
14 Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Тэд дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ.