Марk

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


-Reset+

Бүлэг 8

1 1. Дахиад үй түмэн хүн цугларсан тэр өдрүүдэд хүмүүс идэх юмгүй болжээ. Есүс шавь нараа дуудаж, тэдэнд—
2 Би хурсан олныг өрөвдөх юм. Учир нь тэд энд Надтай хамт гурав хонолоо. Тэдэнд ямар ч идэх юм алга.
3 Хэрэв Би тэднийг гэрт нь өлөн зэлмүүн буцаавал тэд замдаа ядарч унах болно. Тэдний зарим нь холоос иржээ гэж айлдав.
4 Шавь нар нь Түүнд—Хэн энэ зэлүүд газар хаанаас эдгээр хүмүүсийг цатгах хангалттай талх олж чадах билээ? гэхэд,
5 Есүс тэднээс—Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд—Долоо гэлээ.
6 Тэр хурсан олныг газар сууцгаа хэмээн тушаагаад, долоон талхыг аван талархал өргөөд, хуваан хүмүүст үйлчлүүлэхийн тулд Өөрийн шавь нартаа өгөв. Шавь нар нь тэдгээрийг хурсан олонд тараав.
7 Тэдэнд бас хэдэн жижиг загас байлаа. Есүс тэдгээрийг ерөөгөөд, эднийг ч бас тараа гэлээ.
8 Хүмүүс идээд цадав. Тэгээд тэд үлдсэн хэлтэрхийнүүдийг нь цуглуулахад долоон том сагс дүүрчээ.
9 Тэнд дөрвөн мянга орчим хүн байлаа. Дараа нь Тэр тэднийг явуулав.
10 Есүс тэр даруй Өөрийн шавь нарын хамт завинд сууж, Далманутын орчимд ирлээ.
11 Фарисайчууд хүрч ирээд Есүсийг сорихын тулд тэнгэрийн нэг тэмдгийг үзүүл хэмээн Түүнээс шаардаж, Түүнтэй маргалдаж эхлэв.
12 Есүс Өөрийн сүнс дотроо гүнээ санаа алдаж—Яагаад энэ үеийнхэн тэмдэг эрэлхийлнэ вэ? Үнэнээр Би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч тэмдгийг өгөхгүй гэж айлдлаа.
13 Тэрээр тэднийг орхин завиндаа буцан сууж нөгөө эрэг уруу явав.
14 Тэд талх авахаа мартсан бөгөөд завинд нь ганцхан талх л байлаа.
15 Есүс шавь нартаа зааварлан—Сэрэмжлэгтүн. Фарисайчуудын болон Херодын хөрөнгөнөөс болгоомжил гэв.
16 Тэд өөрсдөд нь талх байхгүй байсныг өөр хоорондоо шүүн ярилцаж эхэлсэнд,
17 Есүс мэдээд тэдэнд—Талхгүй байна гэж юунд та нар ярилцана вэ? Та нар одоо хүртэл ойлгоогүй, ухаараагүй байна гэж үү? Та нар чинь хатуурчихсан зүрх сэтгэлтэй юм уу?
18 Нүдтэй атлаа та нар харахгүй байна уу? Чихтэй атлаа та нар сонсохгүй байна уу? Санахгүй байгаа юм биш биз дээ?
19 Би таван мянган хүнд таван талх хуваан өгөхөд, та нар хэдэн сагс дүүрэн илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд Түүнд—Арван хоёр гэв.—
20 Би дөрвөн мянган хүнд долоон талх хуваан өгөхөд та нар хэдэн том сагс илүүдэл талх цуглууллаа? гэхэд, тэд [Түүнд]—Долоо гэж хэлэв.
21 Есүс тэдэнд—Та нар одоо ч ухаарахгүй байна уу? гэсэн юм.
22 Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг Түүн уруу авчирч, түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв.
23 Есүс тэр хүнийг гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа, түүн дээр мутраа тавиад түүнээс—Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад,
24 нөгөө хүн хараад—Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ.
25 Тэгэхээр нь Тэр дахиад мутраа нүдэн дээр нь тавихад тэр хүн анхааралтай харав. Түүний нүд нь засарч, юм бүгдийг сайн харах болжээ.
26 Есүс түүнд—Тосгонд бүү оч гээд гэр уруу нь явуулав.
27 Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгон уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа—Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ? гэж асуухад,
28 тэд Түүнд—Баптисм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв.
29 Есүс цааш нь тэднээс—Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр—Та бол Христ мөн гэж хэллээ.
30 Тэр тэдэнд хэн нь ч Өөрийнх нь тухай ярьж болохгүйг сануулав.
31 Тэр тэдэнд Хүний Хүү их зовох ёстойг болон ахлагчид болон ахлах тахилч нар, хуулийн багш нарт ад үзэгдэж алуулаад гурав хоногийн дараа дахин амилах тухай зааж эхлэв.
32 Есүс үүнийг ил шулуухан айлдсанд, Петр Түүнийг хажуу тийш аваачаад, зэмлэж эхлэв.
33 Гэтэл Есүс эргэхдээ шавь нараа хараад, Петрийг зэмлэн—Сатан, Миний араас тонил. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэв.
34 Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж, тэдэнд хандан—Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг.
35 Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна.
36 Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?
37 Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?
38 Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгнээс ичнэ, Хүний Хүү ч мөн Эцгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэр элч нарын хамт ирэх үедээ тэр хүнээс ичих болно гэж айлдав.