Марk
Бүлэг 7
1 1. Иерусалимаас ирсэн фарисайчууд ба хуулийн багш нарын зарим нь Есүсийг хүрээлэн цугларав.
2 Есүсийн шавь нарын зарим нь бохир буюу угаагаагүй гараар талх идэхийг тэд харсан ажээ.
3 (Учир нь фарисайчууд болон бүх Иудей хүн өвөг дээдсийнхээ уламжлалыг сахиж, хэрэв гараа сайтар угаагаагүй л бол юм иддэггүй байжээ.
4 Тэд захаас ирснийхээ дараа өөрсдийгөө цэвэрлээгүй л бол юм иддэггүй байв. Аяга, ваар, зэс сав суулгын угаалга гэх мэт сахих ёстой ондоо олон ёс тэдэнд байжээ).
5 Фарисайчууд болон хуулийн багш нар—Яагаад Таны шавь нар өвөг дээдсийнхээ ёс заншлаар явалгүй, харин бохир гараараа талх иднэ вэ? гэж Түүнээс асуухад
6 Есүс тэдэнд—Хоёр нүүртэй та нарын тухайд Исаиа зөвөөр эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн.“Энэ ард түмэн Намайг уруулаараа хүндэтгэдэг.Харин тэдний зүрх Надаас алс хол юм.
7 Тэд хүмүүсийн тушаалыг сургаал мэт зааж,харин Надад дэмий хоосон мөргөдөг”.
8 Бурханы хуулиудыг та нар орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг гээд,
9 Тэр мөн тэдэнд хандан—Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы хуулиудыг орхигдуулахдаа гарамгай юм.
10 “Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ муугаар хэлэгч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ.
11 Харин та нар “Хэрэв хүн эцэгтээ эсвэл эхдээ «Танд тусалж болох байсан миний ямар ч зүйл нь Корбан (тэр нь Бурханд өргөгдсөн гэсэн үг юм)» гэж хэлбэл” гээд,
12 та нар тэр хүнд эцэг эхийнхээ төлөө юу ч хийхийг зөвшөөрдөггүй.
13 Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хүчингүй болгодог. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг гэж айлдав.
14 Есүс дахиад олон түмнийг Өөр уруугаа дуудаж, тэдэнд хандан—Та нар бүгд Намайг сонс. Ойлгогтун.
15 Хүний дотор орж түүнийг бузарлаж чадах юм хүний гадна ер байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузарладаг.
16 [Хэрэв сонсох чихтэй хүн байвал сонсогтун] гэж айлдав.
17 Есүс хурсан олныг орхиж, айлд орох үед шавь нар нь энэ сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуув.
18 Тэр тэдэнд—Та нар бас ойлгоогүй гэж үү? Гаднаас хүний дотор орох ямар ч юм хүнийг бузарлаж чадахгүйг та нар ойлгохгүй байна гэж үү?
19 Учир нь тэр нь хүний зүрхэнд орохгүй, харин ходоодонд ороод хаягдана гэв. (Бүх хоол хүнс цэвэр гэдгийг Тэр тийн илэрхийлжээ).
20 Тэр—Хүнээс гарах юм л хүнийг бузарладаг.
21 Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол, садар самуун, хулгай, аллага, завхайрал,
22 шунахайрал, балмад явдал, мөн заль мэх, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардам зан, мунхаглал нь гардаг.
23 Энэ бүх хорон зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа.
24 Тэндээс Тэр босоод, Тирийн дүүрэг уруу явжээ. Есүс нэгэн айлд орохдоо Өөрийг нь хэн ч бүү мэдээсэй гэж хүссэн боловч нуугдаж чадсангүй.
25 Бяцхан охинд нь бузар сүнс шүглэсэн нэгэн эмэгтэй Түүний тухай сонсоод, тэр даруй ирж Есүсийн хөлд унав.
26 Тэр эмэгтэй Сирофоеник гаралтай грек хүн байсан бөгөөд охиноос нь чөтгөрийг хөөн зайлуулахыг Есүсээс гуйж байлаа.
27 Есүс түүнд—Эхлээд хүүхдийг цатга. Учир нь хүүхдийн талхыг авч нохдод хаях нь зохисгүй гэхэд,
28 харин тэр эмэгтэй Түүнд—Тийм ээ, Эзэн. Гэвч ширээн доор байгаа ноход хүртэл хүүхдийн хаясан үйрмэгийг иддэг шүү дээ гэж хариулав.
29 Есүс түүнд—Ингэж хэлсэн тул чи яв. Охиноос чинь чөтгөр зайлсан гэлээ.
30 Гэртээ очоод, тэр хүүхдээ орон дээрээ хэвтэж байхыг, чөтгөр зайлуулагдсаныг үзэв.
31 Есүс дахин Тирийн дүүргээс явж Сидоныг дайран Декапол дүүрэгт байдаг Галил нуур уруу очив.
32 Хүмүүс Түүн уруу дүлий, талтираа хэлтэй хүнийг авчирч түүний дээр мутраа тавиач гэж Есүсээс гуйжээ.
33 Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцааранг нь аваачаад, хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв.
34 Есүс тэнгэр өөд ширтэн гүн санаа алдаад, түүнд—Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд,
35 өнөөх хүний чих нь онгойж, хэлний нь согог арилж, зөв ярих болов.
36 Хэнд ч ярьж болохгүйг Тэр тэдэнд тушаасан боловч Түүнийг хорих тусам тэд улам бүр зарлан түгээж байлаа.
37 Тэд—Тэр бүгдийг сайнаар үйлдсэн. Тэр дүлийг сонсголтой болгож, хэлгүйг ярьдаг болголоо хэмээн ярилцаж үнэнхүү гайхаж байв.