Даниел

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12


-Reset+

Бүлэг 3

1 1. Небухаднезар хаан алтан хөрөг бүтээсэн бөгөөд өндөр нь жаран тохой, өргөн нь зургаан тохой байжээ. Тэрээр түүнийг Вавилоны мужийн Дурагийн талд босгов.
2 Тэгээд Небухаднезар хаан өөрийн босгосон хөргийн нээлтийн ёслолд оролцуулахаар удирдагчид, ноёд, амбан, сайд, засаг дарга нар, жасын нярав, шүүгчид, бүх мужийн захирагчдыг цуглуулахаар зарлиг илгээжээ.
3 Ингээд удирдагчид, ноёд, амбан, сайд, засаг дарга нар, жасын нярав, шүүгчид, бүх мужийн захирагчид Небухаднезар хааны босгосон хөргийн нээлтийн ёслолд цуглаад, Небухаднезарын босгосон хөргийн өмнө зогсоцгоов.
4 Тунхаглагч чанга дуугаар тунхаглан—Ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд ээ, та нарт тушаал өгөгдсөн билээ.
5 Та нар бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц сөгдөн, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн.
6 Харин сөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно гэв.
7 Тийм учраас бүх ард түмэн бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц, бүх ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд сөгдөж, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөв.
8 Тэр үед зарим халдеичууд ойртон ирж, иудейчүүдийг буруушаав.
9 Тэд Небухаднезар хаанд хариулан—Хаан минь, мөнх насалтугай!
10 Хаан минь, бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонссон хүн бүхэн сөгдөж, алтан хөрөгт мөргөхийг шаардсан зарлигийг та гаргасан билээ.
11 Гэвч сөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд хаях болно.
12 Вавилоны мужийн удирдлагыг хариуцуулан таны томилсон Шадрах, Мешах, Абед-него зэрэг зарим иудейчүүд бий. Эдгээр хүмүүс хаан таныг үл ойшоон, таны бурхдад эс үйлчлэн, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэв.
13 Тэгэхэд, хилэгнэн уурласан Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг авчрахыг тушаасанд, тэд хааны өмнө хүргэгдэн ирэв.
14 Небухаднезар тэдэнд—Шадрах, Мешах, Абед-него нар аа, та нар миний бурхдад үйлчилдэггүй болоод миний босгосон алтан хөрөгт мөргөдөггүй гэдэг нь үнэн үү?
15 Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн зэмсгийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайнсан. Харин та нар мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Ямар бурхан миний гараас та нарыг аварч чадах билээ? гэв.
16 Шадрах, Мешах, Абед-него нар хаанд хариулан,—Небухаднезар аа, энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй.
17 Нэгэнт ийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна.
18 Хэдийгээр тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдтүгэй гэв.
19 Тэгэхэд Небухаднезар уур хилэнд автаж, Шадрах, Мешах, Абед-него нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг жирийн үеийнхээс долоо дахин хүчтэй галлахыг тэрээр тушаав.
20 Шадрах, Мешах, Абед-него нарыг хүлээд, дүрэлзсэн галтай зууханд хаяхыг цэргийнхэн дотроос зарим зоригт дайчдад тэр тушаав.
21 Тэгээд тэднийг өмд, дээл, толгойн өмсгөл болон бусад бүх хувцастай нь хүлж, дүрэлзсэн галтай зууханд хаяв.
22 Хааны тушаал яаралтай, зуух маш халуун байсан учраас Шадрах, Мешах, Абед-него нарыг авчирсан хүмүүсийг галын дөл шатааж алав.
23 Харин Шадрах, Мешах, Абед-него хэмээгдэх эдгээр гурван хүн хүлээтэй чигээрээ дүрэлзсэн галтай зуух уруу унав.
24 Дараа нь Небухаднезар хаан гайхаж, яаран босож ирлээ. Тэрээр өөрийн дээд түшмэдээс—Бид гурван хүн хүлж, гал уруу хаясан биш үү? гэж асуусанд, тэд хаанд хариулан—Тийм ээ, хаан минь гэв.
25 Хаан—Хараач! Хүлээсгүй, гэмтэлгүй дөрвөн хүн гал дунд явж байгааг би харж байна. Дөрөв дэх нь бурхдын хөвгүүн мэт төрхтэй юм гэв.
26 Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны хаалганд ойртож очоод,—Хамгийн Дээд Бурханы зарц нар болох Шадрах, Мешах, Абед-него нар аа, наашаа гарч, ойртон ирэгтүн гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абед-него нар гал дундаас гарч ирэв.
27 Бүх аймгийн удирдагчид, цэргийн ноёд, түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж, тэдгээр гурван хүнийг үзэхэд, тэдний бие галд гэмтээгүй, үс нь ч хуйхлагдаагүй, дээлийнх нь өнгө ч хувираагүй, тэднээс түлэнхий үнэр ч үнэртсэнгүй.
28 Небухаднезар—Шадрах, Мешах, Абед-него нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэр элчээ илгээж, Өөрт нь итгэдэг, хааны тушаалыг зөрчиж, өөрсдийн Бурханаас гадна өөр ямар ч бурханд үйлчлэхгүй бөгөөд мөргөхгүй гэж өөрсдийн биеийг тушаан өгсөн зарц нараа аварсан билээ.
29 Тиймээс Шадрах, Мешах, Абед-него нарын Бурханы эсрэг эвгүй юм ярих аливаа ард түмэн, үндэстэн, хэлтний биеийг мөч мөчөөр нь цавчин, гэрийг нь үнсэн товорго болгохыг би тушааж байна. Юу гэвэл ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв.
30 Тэгээд хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг Вавилоны мужид тушаал дэвшүүлэв.