Даниел
Бүлэг 12
1 1. Тэр үед чиний ард түмний хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед чиний ард түмний дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно.
2 Газрын шороонд булагдсан нойрсогчдоос олон нь сэрж, нэг хэсэг нь мөнх амь уруу, харин нөгөө хэсэг нь ичгүүр болон мөнхийн жигшил уруу явна.
3 Хэрсүү ухаантай нь тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарч, олныг зөв шударга байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно.
4 Харин Даниел чи, цаг хугацааны төгсгөл хүртэл эдгээр үгсийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ гэж хэлэв.
5 Тэгэхэд Даниел би харахад хоёр өөр хүн байсан бөгөөд нэг нь голын наад эрэгт, нөгөө нь голын цаад эрэгт зогсож байв.
6 Тэдний нэг нь голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүнд хандан—Эдгээр гайхамшгуудын эцэс болтол хэр удах вэ? гэв.
7 Голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүн баруун болон зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд амьдрагч Нэгэний нэрээр тангараглан—Тэр нь цаг үе, цаг үеүд, хагас цаг үе болно гэхийг би сонслоо. Тэд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэж бас өгүүлсэн.
8 Харин би сонссон боловч ойлгож чадсангүй. Тиймээс би—Эзэн минь, энэ бүх явдлын үр дүн юу болох вэ? гэж асуув.
9 Тэрээр—Даниел аа, өөрийнхөө замаар явагтун. Учир нь эдгээр үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан юм.
10 Олон хүн шинэчлэгдэн, ариусгагдаж, цэвэршүүлэгдэнэ. Харин хилэнцэт хүмүүс хилэнцээ үйлдэнэ. Хилэнцэт хүмүүсийн нэг нь ч ойлгохгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно.
11 Өдөр бүрийн тахил хориглогдож, хоосролын бузар юм тавигдах цагаас нэг мянга хоёр зуун ерэн өдөр болно.
12 Хүлээн хүлээсээр нэг мянга гурван зуун гучин таван өдөрт хүрсэн нь ерөөлтэй еэ!
13 Харин чиний хувьд гэвэл, өөрийнхөө замаар эцэс хүртэл яв. Тэгвэл чи амгаланд орж, цаг үеийн эцэст хувиа хүртэхээр дахин босох болно гэв.