Хаадын Дээд

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22


-Reset+

Бүлэг 16

1 1. ЭЗЭНий үг Хананигийн хүү Иехүд Баашагийн эсрэг ирж
2 Би чамайг шорооноос татан босгож, Өөрийн ард түмэн Израилийн удирдагчаар тавьсан билээ. Гэтэл чи Иеробоамын замаар замнан, Миний ард түмэн Израилиар нүгэл үйлдүүлж, тэдний нүглүүдээр Намайг хилэгнэхэд хүргэлээ.
3 Үзэгтүн, Би Бааша болон түүний гэрийг шатааж, чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг болгоно.
4 Баашагийнхнаас хотод үхсэн нэгнийх нь хүүрийг ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно гэлээ.
5 Баашагийн хүч чадал, хийсэн үйлс зэрэг бусад зүйлс нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?
6 Бааша эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Тирзад оршуулагджээ. Түүний хүү Ела нь түүний орыг залгамжлан хаан болов.
7 Бааша ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж, тэрхүү үйлсээрээ ЭЗЭНийг хилэгнүүлж, Иеробоамын гэр шиг байсан, мөн түүгээр барахгүй Иеробоамын гэрийг устгасан тул Хананигийн хүү эш үзүүлэгч Иехүгээр дамжуулан ирсэн ЭЗЭНий үг Баашаны болон түүний гэр бүлийнх нь эсрэг байв.
8 Иудагийн хаан Асагийн хорин зургадугаар жилд Баашагийн хүү Ела Тирзад Израилийн хаан болж, хоёр жилийн турш хаанчилжээ.
9 Түүний түшмэл, түүнийг тэрэгт цэргийн хагасыг нь захирдаг жанжин Зимри түүний эсрэг хуйвалдаан гаргажээ. Тэр үед Ела нь Тирза дахь хааны гэрийг хариуцсан Арзагийн гэрт архи уун, согтсон байв.
10 Тэгэхэд Зимри орж ирэн, Иудагийн хаан Асагийн хорин долдугаар жилд Елагийн амийг хороож, Елагийн оронд Израилийн хаан боллоо.
11 Зимри хаан болж, сэнтийд залрангуутаа Баашагийн ургийн бүх хүмүүсийг хүйс тэмтрэв. Төрөл төрөгсөд, найз нөхдөөс нь ямар ч эр хүйстнийг үлдээгээгүй ажээ.
12 Иехү эш үзүүлэгчээр дамжуулан Баашагийн эсрэг айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Зимри Баашагийн ургийнхныг бүгдийг нь ийнхүү устгажээ.
13 Учир нь Бааша ба түүний хүү Ела нар өөрсдөө нүгэл үйлдэж, бас Израилиар нүгэл үйлдүүлэн, өөрсдийн шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.
14 Елагийн бусад үйлс болон хийсэн бүх ажил Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?
15 Иудагийн Аса хааны хорин долдугаар жилд Зимри Тирзад долоон өдөр хаанчлав. Тэр үед Филистэд харьяалагддаг Гиббетоны эсрэг ард олон хуарагнан буусан байлаа.
16 Зимри хуйвалдаан зохиож, хааныг хороосныг хуарагнан буй хүмүүс сонсжээ. Тийм учраас бүх Израиль өөрсдийн цэргийн жанжин Омрийг Израилийн хаан хэмээн тэр өдөр хуарандаа өргөмжлөв.
17 Тэгээд Омри бүх Израилийн хамт Гиббетоноос ирээд, Тирзаг бүслэв.
18 Хот эзлэгдснийг мэдмэгц Зимри хааны гэрийн цайз уруу орон, хааны гэрийг галдан шатааж, өөрөө ч үхэв.
19 Энэ нь Зимри ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэн, Иеробоамын замаар явснаараа өөрөө ч нүгэл үйлдэн, Израилиар ч нүгэл үйлдүүлсэн зэргээс болсон юм.
20 Зимрийн бусад үйлс болон түүний гаргасан хуйвалдаан Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?
21 Дараа нь Израилийн ард түмэн хоёр хэсэгт хуваагдан, нэг хагас нь Гинатын хүү Тибнийг хаан болгохоор дагалдан, нөгөө хагас нь Омрийг дагалаа.
22 Гэвч Омрийг дагасан ард түмэн Гинатын хүү Тибнийг дагасан хүмүүсээс илүү хүчирхэг болж, Тибни хороогдон, Омри хаан болов.
23 Иудагийн хаан Асагийн гучин нэгдүгээр жилд Омри Израилийн хаан болж, арван хоёр жилийн турш хаанчилсан. Тэрээр зургаан жил Тирзад хаанчилж байв.
24 Тэрээр хоёр мөнгөн талантаар Самарийн толгодыг Шемерээс худалдаж авав. Тэгээд тэрхүү толгодын дээр хот байгуулан, толгодын Эзэн Шемерийн нэрээр тэр хотыг Самари гэж нэрлэжээ.
25 Омри ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг хийсэн төдийгүй түүний үйлс нь өмнөх хаадынхаас ч илүү харгис байлаа.
26 Юу гэвэл тэр Небатын хүү Иеробоамын явсан зам бүрээр замнаж, Израилиар гэм үйлдүүлэн, өөрсдийн шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлсэн юм.
27 Омрийн хийсэн бусад үйл явдал болон түүний хүч чадал нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?
28 Омри эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Самарид оршуулагдав. Түүний хүү Ахаб оронд нь хаан болов.
29 Иудагийн хаан Асагийн гучин наймдугаар жилд Омрийн хүү Ахаб Израилийн хаан болж, Самарид суун Израилийг хорин хоёр жилийн турш захирав.
30 Омрийн хүү Ахаб өмнөх бүх хаадаасаа ч илүүгээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв.
31 Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчлэн, мөргөдөг болжээ.
32 Тэрээр Самарид босгосон Баалын дуганд Баалд зориулан тахилын ширээ босгов.
33 Ахаб бас Ашераг бүтээв. Ингэснээрээ Ахаб өөрийн өмнөх Израилийн бүх хаадаас ч илүүгээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлэх зүйл хийв.
34 Ахабын үед бетел хүн Хиел Иерихог босгон барьжээ. Нуны хүү Иошуагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Хиел хотын суурийг тавихдаа өөрийн ууган хүү Абирамыг алдсан бөгөөд хотын дааман хаалгыг босгохдоо отгон хүү Сегубыг алдсан ажээ.