Хаадын Дээд

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22


-Reset+

Бүлэг 13

1 1. Харагтун, Иеробоам утлагыг шатаахаар тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.
2 Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээний эсрэг, хашхиран,—Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Чиний дээр утлага шатаадаг мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг чиний дээр тэрээр өргөн, чиний дээр хүний ясыг шатаах болно” хэмээж байна гэлээ.
3 Тэр өдөртөө тэрээр тэмдэг үзүүлж,—Энэ нь ЭЗЭНий айлдсан тэмдэг юм. “Үзэгтүн, энэ тахилын ширээ нуран хуваагдаж, түүний дээр байх үнс асгарах болно гэв.
4 Бетел дэх тахилын ширээний эсрэг хашхирах Бурханы хүний үгийг Иеробоам хаан сонсмогц тахилын ширээнээс гараа татан—Түүнийг баригтун хэмээн зандарлаа. Гэвч тэр хүний зүг чичлэн сунгасан Иеробоамын гар нь буцаад хөдлөхгүй болтол хатангиршав.
5 Бурханы хүн ЭЗЭНий үгээр үзүүлсэн тэмдгийн дагуу тахилын ширээ нуран хуваагдаж, үнс тахилын ширээн дээрээс асгарав.
6 Хаан Бурханы хүнд хандан—ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч хэмээн Миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.
7 Тэгээд хаан Бурханы хүнд—Надтай хамт гэрт очиж, алжаалаа тайлагтун. Би танд шагнал өгье гэв.
8 Харин Бурханы хүн хаанд хариулан—Та өөрийнхөө гэрийн тэн хагасыг надад өгөх байсан ч би тантай хамт явахгүй, мөн энэ газарт байхдаа би талх ч идэж, ус ч уухгүй.
9 Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи талх ч идэж, ус ч ууж болохгүй, тэр ч бүү хэл ирсэн замаараа ч буцан явж болохгүй” гэж тушаагдсан юм гэв.
10 Тэрээр Бетелд ирсэн замаараа буцалгүй өөр замаар эргэн явлаа.
11 Бетелд нэгэн хөгшин эш үзүүлэгч амьдарч байв. Түүний хөвгүүд ирээд, тэр өдөр Бетелд Бурханы хүний хийсэн бүх ажлыг, мөн хаанд хандан хэлсэн үгсийг ч эцэгтээ ярьж өгөв.
12 Эцэг нь тэднээс—Тэр аль замаар буцсан бэ? гэж асуув. Хөвгүүд нь Иудагаас ирсэн Бурханы хүний эргэн явсан замыг харсан байжээ.
13 Тэгтэл эцэг нь хүүхдүүддээ—Миний илжгэнд эмээл тох гэв. Хөвгүүд нь түүнд илжгийг эмээллэн бэлтгэсэнд тэр илжгээ унан, явав.
14 Тэрээр Бурханы хүний араас явсаар, царс модны доор сууж байхад нь түүнийг олж хараад,—Та Иудагаас ирсэн Бурханы хүн мөн үү? гэж асуув. Тэр—Би мөн гэжээ.
15 Хөгшин эш үзүүлэгч түүнд хандан—Надтай хамт гэрт очиж талх иднэ үү гэсэнд
16 Бурханы хүн—Би тантай хамт буцаж ч чадахгүй, явж ч чадахгүй, мөн энэ газар тантай хамт талх ч идэж, ус ч уухгүй.
17 Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи тэнд талх идэж, ус ууж болохгүй. Ирсэн замаараа бүү буцан ирээрэй” гэсэн тушаал өгөгдсөн юм гэв.
18 Хөгшин эш үзүүлэгч түүнд—Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэр элч ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулан ирж, талх идүүлэн, ус уулгаарай” гэсэн юм гэв. Гэвч тэрээр худал ярив.
19 Бурханы хүн түүнтэй хамт явж, гэрт нь талх идэж, ус уулаа.
20 Тэднийг ширээний ард сууж байх үед, Бурханы хүнийг буцаан авчирсан эш үзүүлэгч дээр ЭЗЭНий үг буун ирсэнд
21 тэрээр Иудагаас ирсэн Бурханы хүнд хандан хашхиран уйлж,—ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ЭЗЭНий тушаалыг зөрчин, ЭЗЭН Бурханыхаа чамд тушаан хэлсэн тушаалыг мөрдсөнгүй,
22 харин буцан ирж, ЭЗЭНий чамд «Талх бүү ид, ус бүү уу» гэсэн газарт талх ч идэж, ус ч уусан тул чиний хүүр эцэг өвгөдийн чинь булшинд оршуулагдахгүй” хэмээжээ гэж хэлэв.
23 Бурханы хүн идэж, уусны дараа хөгшин эш үзүүлэгч түүнд зориулан илжгийг эмээллэв.
24 Тэр цааш явж байтал замд нь арслан таарч, түүнийг алжээ. Түүний хүүр зам дээр хаягдан хэвтэж, илжиг нь түүний дэргэд, мөн хажууд нь арслан зогсож байлаа.
25 Хажуугаар нь хүмүүс өнгөрөн явахдаа зам дээр хэвтэх хүүр болон дэргэд нь зогсох арсланг харжээ. Тэд хөгшин эш үзүүлэгчийн амьдардаг хотод хүрч ирээд, үзсэн харснаа ярив.
26 Бурханы хүнийг замаас нь эргүүлж авчирсан тэр хөгшин эш үзүүлэгч үүнийг сонсоод,—Тэр бол ЭЗЭНий тушаалыг зөрчсөн Бурханы хүн юм. ЭЗЭН түүнд хэлсэн ёсоороо түүнийг арсланд өгч тастчуулан алжээ хэмээн хэлэв.
27 Тэгээд хөвгүүддээ—Миний илжгэнд эмээл тох гэсэнд тэд илжгийг эмээллэв.
28 Тэр явсаар зам дээр хаягдан хэвтэх хүүрийг нь болон хажууд нь илжиг арслан хоёр байхыг харав. Арслан тэр хүүрийг ч идээгүй байснаар үл барам илжгэнд ч хүрээгүй байлаа.
29 Бурханы хүний хүүрийг эш үзүүлэгч авч илжигний нуруунд тэгнэн, гашуудан, түүнийг нутаглуулахаар өөрийн хот уруу буцаан авчрав.
30 Тэрээр шарилыг өөрийн булшиндаа оршуулсан бөгөөд түүний дээр гашуудан—Ай хөөрхий, дүү минь! хэмээн харуусаж байлаа.
31 Оршуулж дууссаны дараа, тэрээр өөрийн хөвгүүддээ—Намайг нас барахад энэ Бурханы хүнийг оршуулсан булшинд намайг оршуулаарай. Миний ясыг түүний ясны хажууд тавиарай.
32 Учир нь Бетел дэх тахилын ширээ болон Самарийн хотуудад буй мөргөлийн өндөрлөгүүдийн бүх бунхны эсрэг ЭЗЭНий үгээр түүний хашхирч байсан зүйлс заавал биелэх болно хэмээн гэрээсэлжээ.
33 Ийм явдал болсны дараа ч Иеробоам өөрийн бузар муу замаас эргэсэнгүй, харин бүх хүмүүсийн дундаас буюу хүссэн хүнээ мөргөлийн өндөрлөгүүдийн тахилчаар дахин томилсоор байлаа.
34 Энэ явдал Иеробоамын гэр дээрх гэм болж эцсийн үр дүнд түүнийг унаган газраас ул мөргүй арчихын тулд байлаа.