2 Самуел

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


-Reset+

Бүлэг 9

1 1. Дараа нь Давид—Саулын гэрээс амьд үлдсэн хүн байхгүй юу? Би Ионатаны төлөө тэр хүнд энэрэл үзүүлэх юмсан гэв.
2 Зиба гэдэг нэртэй, Саулын гэрийн зарц байсан бөгөөд түүнийг Давид дээр дуудаж ирүүлэв. Хаан түүнээс—Чи Зиба мөн үү? гэхэд тэр—Таны боол би байна гэв.
3 Хаан—Саулын гэрээс хэн нэгэн нь үлдээгүй юу? Би түүнд Бурханы энэрлийг үзүүлмээр байна гэв. Зиба хаанд—Ионатаны хөлгүй хүү нь бий гэв.
4 Хаан түүнээс—Тэр хаана байна? гэж асуухад Зиба хаанд—Ло-дебарт байдаг Аммиелын хүү Махирын гэрт байгаа гэж хариулав.
5 Тэгээд Давид хаан хүн илгээн, Ло-дебараас Аммиелын хүү Махирын гэрээс түүнийг авчруулав.
6 Саулын ач, Ионатаны хүү Мефибошет Давид дээр ирж, нүүрээрээ газар унан мөргөв. Давид—Мефибошет гэхэд тэр—Таны боол би энд байна гэв.
7 Давид түүнд—Бүү эмээ! Би чиний эцэг Ионатаны төлөө чамд энэрлийг заавал үзүүлж, чиний өвөг эцэг Саулын бүх газрыг чамд эргүүлж өгнө. Чи миний ширээнд тогтмол хооллох болно гэв.
8 Мефибошет дахин мөргөн—Үхсэн нохой мэт боол би чинь хэн болоод таны халамжийг хүртэнэ вэ? гэв.
9 Тэгэхэд Саулын боол Зибаг хаан дуудаж,—Саулд болон түүний бүхэл гэрт харьяалагдах хамаг юмыг би чиний эзний ач хүүд өглөө.
10 Танай эзний ач хүү хоол хүнстэй золгохын тулд чи өөрөө хөвгүүд болон боолуудтайгаа түүнд зориулан газрыг хагалж, үр жимсийг нь авчирч өгч бай. Гэлээ ч эзний чинь ач хүү Мефибошет миний ширээнд тогтмол хооллох болно гэв. Зиба арван таван хөвгүүн, хорин боолтой ажээ.
11 Тэгэхэд Зиба хаанд—Хаан эзний минь боолдоо тушаасан бүгдийн дагуу боол тань гүйцэтгэх болно гэв. Ингээд Мефибошет хааны хөвгүүдийн нэг адил Давидын ширээнд хооллох болов.
12 Мефибошетод Миха хэмээх нэртэй балчир хөвгүүн байв. Зибагийн гэрт амьдардаг бүгд Мефибошетын зарц нар болов.
13 Ингээд Мефибошет хааны ширээнд тогтмол хооллодог байсан тул Иерусалимд амьдрав. Тэр хоёр хөлгүй байв.