2 Самуел
Бүлэг 14
1 1. Хааны зүрх Абсаломын хойноос санаашран буйг Зеруиагийн хүү Иоаб ойлгов.
2 Ингээд Иоаб Текоа уруу хүн явуулж, тэндээс ухаалаг эмэгтэйг авчруулаад, түүнд—Чи гашуудаж буй хүний дүр үзүүлж, яг одоо гашуудлын хувцас өмсөж, биедээ тос түрхэхгүй, харин талийгаачийн араас олон өдөр эмгэнэж буй эмэгтэй мэт бологтун.
3 Дараа нь хаан дээр очин, ийнхүү айлтгагтун гэв. Ингээд Иоаб тэр эмэгтэйд хэлэх үгсийг нь зааж өгөв.
4 Текоагийн эмэгтэй хаанд ярихдаа, нүүрээрээ газар шаан унаж, сунан мөргөөд—Тусалж хайрла, хаантан минь гэв.
5 Хаан тэр эмэгтэйгээс—Ямар зовлон чамд учрав? гэж асуухад, тэр эмэгтэй хариулан—Үнэндээ би бэлэвсэн эмэгтэй, нөхөр минь нас барсан билээ.
6 Шивэгчин тань хоёр хүүтэй байсан. Гэвч тэр хоёр хээр талд хоорондоо тэмцэлдэхэд тэр хоёрыг салгах хүн нэг ч байгаагүй учир нэг нь нөгөөгөө цохиж алав.
7 Тэгтэл бүх л гэрийнхэн шивэгчин миний эсрэг босож, “Ахыгаа алсан хүнийг бидэнд тушаагтун. Түүнд алагдсан ахынх нь амийн төлөө бид түүнийг алж, бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Тэд ингэснээрээ надад үлдсэн ганц очийг минь унтрааж, газар дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав.
8 Тэгэхэд хаан эмэгтэйд—Гэртээ харь. Чиний энэ хэргийн талаар би зарлиг буулгах болно гэж хэлэв.
9 Текоагийн эмэгтэй хаанд—Хаан эзэн минь ээ, гэм буруу нь над дээр болон эцгийн минь гэр дээр буух болтугай. Харин хаан хийгээд, түүний хаан ширээ нь гэмгүй гэв.
10 Ингэсэнд хаан—Чамд хэн гомдоллоно, түүнийг над дээр авчрагтун. Тэр цаашид чамд гар хүрэхгүй гэж хэлэв.
11 Тэгэхэд тэр эмэгтэй—Хаан та өөрийн Бурхан ЭЗЭНээ санах болтугай. Ингэснээр цусан өшөө авагч нь устгах ажлаа үргэлжлүүлэхээ больж магад. Эс тэгвээс тэд хүүг минь устгана шүү дээ гэхэд, хаан—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хүүгийн чинь толгойн нэг ширхэг ч үс газарт унахгүй гэж хэлэв.
12 Тэгтэл тэр эмэгтэй—Өөрийн эзэн хаанд ганц үг айлтгахыг шивэгчин надад зөвшөөрч хайрла гэсэнд хаан—Айлтгагтун! гэжээ.
13 Эмэгтэй—Тэгвэл юунд та Бурханы хүмүүсийн эсрэг ийм зүйлийг сэтгэнэ вэ? Учир нь ингэж хэлснээрээ хөөсөн хүнээ буцааж авчирдаггүй тул хаан өөрийгөө гэмтэй хүн болгож байна.
14 Учир нь бид үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгагдаад, дахин цуглуулж үл чадах устай адил юм. Гэлээ ч Бурхан амь тасалдаггүй, харин хөөгдсөн хүнийг Өөрөөсөө зайлуулахгүйн тулд арга замуудыг төлөвлөдөг.
15 Би энэ хэргийг хаан эзэндээ хэлэхээр ирсэн учир нь гэвэл хүмүүс намайг айлган сүрдүүлснээс юм. Ингээд таны шивэгчин би “Хаантанд хэлж үзье. Хаантан шивэгчнийхээ хүслийг биелүүлж магад.
16 Учир нь хаантан сонсож, намайг болон хүүг минь Бурханы өвөөс таслан устгах хүний гараас шивэгчнээ аврах болно” гэв.
17 Тэгээд шивэгчин тань “Миний эзэн хааны үг намайг тайтгаруулах болтугай. Учир нь Бурханы тэнгэр элч шиг миний эзэн хаан сайн мууг ялгадаг билээ. Таны Бурхан ЭЗЭН тантай хамт байх болтугай” гэж хэлсэн билээ гэв.
18 Дараа нь хаан тэр эмэгтэйд хариулан,—Миний асуух гэж байгаа зүйлсээс та юуг ч надаас бүү нуугаарай гэв. Эмэгтэй—Хаан эзэн минь, өгүүлэгтүн гэв.
19 Ийнхүү хаан—Энэ бүгдэд Иоабын гар оролцсон уу? гэхэд эмэгтэй хариулан—Хаан эзэн минь, таны амьд буйгаар тангараглая. Хаан эзэний минь хэлснээс хэн ч баруун, зүүн тийш эргэж чадахгүй. Үнэхээр таны зарц Иоаб надад тушаасан ба тэр хүн л хэлэх энэ бүх үгсийг шивэгчинд тань зааж өгсөн билээ.
20 Энэ хэргийн байдлыг өөрчлөхийн тулд таны зарц Иоаб ийм зүйлийг үйлдэв. Харин миний эзэн Бурханы тэнгэр элч мэт мэргэн бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг билээ гэв.
21 Тэгэхэд хаан Иоабт—Харагтун, би үүнийг заавал үйлдэх болно. Тийм учраас явж, залуу хүн Абсаломыг буцааж авчрагтун гэв.
22 Иоаб нүүрээрээ газар шаан унаж, сунан мөргөж, хааныг ерөөв. Тэгээд Иоаб—Хаан эзэн минь ээ, хаан боолынхоо хүсэлтийг биелүүлж өгсөн тул өнөөдөр таны боол би таны тааллыг олсноо мэдэв гэжээ.
23 Тийнхүү Иоаб босоод, Гешур уруу явж, Абсаломыг Иерусалимд авчрав.
24 Харин хаан—Түүнийг гэрт нь аваач. Нүүрийг нь надад бүү харуул гэж хэлэв. Ингээд Абсалом хааны нүүрийг ч үзэлгүй гэртээ харив.
25 Бүх Израилийн хаана нь ч Абсаломтай адил тийм сайхан гэж магтагдах хүн үгүй байв. Хөлийн улнаас нь толгой дээрх титэм хүртэл нь түүнд өө сэв байсангүй.
26 Түүнийг үсээ хусуулахад, (Дээрээс нь хүндээр дардаг байсан учир жил бүрийн сүүлчээр тэр үсээ хусуулдаг байв) тэр толгойн үсээ хааны хэмжүүрээр хэмжихэд хоёр зуун шекел болдог байв.
27 Абсаломд гурван хөвгүүн, нэг охин төрөв. Охины нэрийг Тамар гэдэг байсан бөгөөд тэр үзэсгэлэнт гоо эмэгтэй байв.
28 Абсалом Иерусалимд бүтэн хоёр жил амьдрахдаа хаантай нэг ч удаа уулзсангүй.
29 Дараа нь Абсалом Иоабыг хаан уруу илгээхээр түүн уруу хүн явуулсан боловч, тэр ирсэнгүй. Тиймээс Абсалом дахин хоёр дахь удаагаа хүн явуулахад ч Иоаб ирэхгүй л байв.
30 Тийм учраас Абсалом зарц нартаа—Харагтун, Иоабын тариалангийн талбай миний талбайн хажууд байгаа бөгөөд тэнд арвай тарьсан байна. Явж, түүнийг нь галдан шатаагтун гэхэд Абсаломын зарц нар тариалангийн талбайд гал тавив.
31 Тэгэхэд Иоаб босож, Абсаломын гэрт ирэн түүнд—Чиний зарц нар юунд миний тариалангийн талбайг галдан шатаав? гэв.
32 Абсалом Иоабт—Харагтун, би чам уруу хүн явуулж “Би таныг хаан уруу илгээж «Юунд намайг Гешураас буцааж ирүүлэв? Тэнд байсаар байх нь надад дээр байсан юм» хэмээн хэлүүлэхээр та энд ирэгтүн” хэмээн хэлүүлсэн бус уу? Тийм учраас одоо би хаантай уулзаж, хэрэв надад гэм нүгэл байвал, тэр намайг алах болтугай гэв.
33 Ийнхүү Иоаб хаан дээр очин айлтгасанд, хаан Абсаломыг дуудав. Абсалом хаанд бараалхаж, хааны өмнө нүүрээрээ газарт хүртэл сунан мөргөхөд, хаан Абсаломыг үнсэв.