Шүүгчид
Бүлэг 21
1 1. Израилийн эрчүүд Мизпад тангараг тавин “Бидний хэн нь ч охиноо Бениаминтай гэрлүүлэхгүй” хэмээн өгүүлэв.
2 Ард түмэн Бетелд ирж, тэнд Бурханы өмнө үдэш болтол суугаад, дуугаа өндөрсгөн, гашуудан уйлалдав.
3 Тэд—Израилийн Бурхан, ЭЗЭН минь, яагаад Израильд энэ мэт хэрэг болж, өнөөдөр Израилиас нэгэн овог дутах болов оо? гэцгээв.
4 Дараагийн өдөр нь ардууд эртлэн босоод, тэнд тахилын ширээ босгож, шатаалт болон эвийн тахилуудыг өргөв.
5 Тэгээд Израилийн хөвгүүд—Израилийн бүх овгуудаас ЭЗЭНий цугларалтад ирээгүй нь хэн бэ? хэмээцгээв. Учир нь Мизпад ЭЗЭНд хүрч ирээгүй хүний тухайд—Тэр нь заавал алагдах болно хэмээн хатуу тангаргийг тэд тавьсан болой.
6 Израилийн хөвгүүд өөрсдийн дүү болох Бениамины төлөө гашуудан—Өнөөдөр Израилиас нэг овог таслагдав.
7 Тэдэнтэй охидоо гэрлүүлэхгүй хэмээн бид ЭЗЭНээр тангарагласан хойно тэдний үлдсэн хүмүүст нь эхнэр авч өгөхийн тулд бид яах вэ? хэмээцгээв.
8 Тэд—Израилийн овгууд дотроос хаанахын хэн нь Мизпад ЭЗЭН уруу хүрч ирсэнгүй вэ? хэмээсэнд Иабеш-гилеадаас нэг нь ч хуарангийн цугларалтад ирээгүй байв.
9 Учир нь ард түмнийг тоолсонд, Иабеш-гилеадын оршин суугчдаас нэг нь ч тэнд байсангүй.
10 Тиймээс чуулган арван хоёр мянган эрэлхэг дайчдыг тийш нь илгээж, тэдэнд тушаасан нь—Яваад, Иабеш-гилеадын оршин суугчдыг эмэгтэйчүүд ба хүүхдүүдтэй нь хамт илдний ирээр цавчигтун.
11 Энэ бол та нарын хийх зүйл билээ. Бүх эрчүүдийг нь болон эрэгтэй хүнтэй хавьтсан эмэгтэй болгоныг бүрэн устгагтун гэв.
12 Тэд Иабеш-гилеадын оршин суугчдын дундаас эр хүнтэй хавьтаж үзээгүй дөрвөн зуун онгон охидыг олж, тэднийг Канаан газарт байдаг Шилогийн хуаран уруу дагуулж ирэв.
13 Дараа нь бүх чуулганаас Риммоны хаданд байгаа Бениамины хөвгүүд уруу үг илгээж, тэдэнд эвлэрлийг тунхаглав.
14 Тэр үед Бениамин буцаж ирсэнд, Иабеш-гилеадын эмэгтэйчүүдээс амьд үлдсэн эмэгтэйчүүдийг тэдэнд өгсөн боловч тэдэнд хүрэлцсэнгүй.
15 ЭЗЭН Израилийн овгуудын дунд онгорхой зай гаргасан тул ард түмэн Бениамины төлөө гашуудав.
16 Чуулганы ахлагчид—Бениамины эмэгтэйчүүд устгагдсан хойно үлдсэн хүмүүсийг нь эхнэртэй болгохын тулд бид юу хийвэл зохих вэ? гээд,—
17 Энэ овог Израилиас арчигдан устгагдахгүйн тулд Бениамины амьд үлдэгсдэд залгамжлагчид байх ёстой.
18 Гэвч бид өөрсдийн охидоо тэдэнд эхнэр болгон өгч чадахгүй гэв. Учир нь Израилийн хөвгүүд тангараг тавин—Бениаминд эхнэр өгсөн хүн нь хараагдах болтугай хэмээсэн билээ.
19 Ийнхүү тэд—Харагтун, Бетелийн хойд зүгт, Бетелээс Шехем ордог замын зүүн талд буюу Лебонагийн өмнөдөд байдаг Шило хотод жил бүр ЭЗЭНий баяр болдог гэв.
20 Тэд Бениамины хөвгүүдэд—Явж, усан үзмийн талбайд нуугдан хүлээж,
21 харагтун. Хэрэв Шилогийн охид бүжиглэхээр гарч ирвэл та нар усан үзмийн талбайгаасаа гарч ирэн хүн бүр Шилогийн охидоос өөрийн эхнэрээ сонгон барьж, Бениамин нутагтаа буцагтун.
22 Охидын эцгүүд, эсвэл ах нар нь ирж, бидэнд гомдол мэдүүлбэл бид тэдэнд “Охидоо тэдэнд өгч, бидний төлөө тэднийг энэрэгтүн. Бид дайны үед тэдэнд эхнэр авсангүй бөгөөд та нар ч охидоо тэдэнд өгөөгүй учраас та нар яллагдахгүй юм” хэмээн хэлнэ гэв.
23 Бениамины хөвгүүд тийнхүү үйлдэв. Бүжиглэж байсан охидоос тэд өөрсдийн тоогоор булаан авч явав. Тэд өөрсдийн өв болох нутагтаа буцаж ирээд, хотуудаа сэргээн босгож, тэндээ суурьшив.
24 Тэр үед Израилийн хөвгүүд тэндээс тус тусын овог болон бүл уруугаа буцаж, хүн бүр өөрсдийн өв болох газар уруугаа явцгаав.
25 Тэр үед Израильд хаан байгаагүй тул хүн бүр өөрийн нүдэнд зөв хэмээн үзсэнээ үйлдэж байлаа.