Дэд Хууль

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34


-Reset+

Бүлэг 6

1 1. Энэ бол Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, хууль, зарлиг бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм.
2 Ингэснээр чи болон чиний хүү, ач хүү чинь насан туршдаа ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, миний та нарт тушаасан бүх зарлиг тушаалыг даган мөрдөх бөгөөд чи урт наслах юм.
3 Израиль аа, сонс! Та нар түүнийг дагаж мөрдөхдөө болгоомжтой бай! Тэгвэл чи сайн сайхан явж, өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү, балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно.
4 Израиль аа, сонс! ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц.
5 Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.
6 Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж,
7 хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.
8 Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүдний хооронд сахиус мэт байлга.
9 Мөн түүнийг гэрийнхээ хаалганы хатавчин дээр, дааман хаалган дээрээ бич.
10 ЭЗЭН Бурхан чинь чамд өгөхөөр чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд тангарагласан тэр газарт чамайг аваачиж, өөрсдийн чинь барьж босгоогүй том сайхан хотууд,
11 чиний дүүргээгүй сайн сайхан юмсаар дүүрэн гэрүүд, чиний ухаагүй усан сангууд, бас чиний тарьж ургуулаагүй усан үзмийн цэцэрлэг, чидун жимсний моддыг чамд өгч, чамайг цадтал идүүлэх үед
12 чи өөрийгөө хяна. Өөрийг чинь боолчлолын гэрээс, Египетийн газар нутгаас авчирсан ЭЗЭНийг чи мартуузай.
13 Чи өөрийн Бурхан ЭЗЭНээс эмээж, Түүнд зарагдан, Түүний нэрээр тангарагла.
14 Та нар бусад бурхдыг буюу эргэн тойрныхоо ард түмнүүдийн бурхдаас алиныг нь ч бүү дага.
15 Та нарын дунд байгаа ЭЗЭН Бурхан чинь хартай Бурхан учир ЭЗЭН Бурхан чинь та нарт уурлан хилэгнэж, газрын хөрснөөс та нарыг арчин зайлуулуузай.
16 Та нар өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНийг Массад сорьсон шигээ бүү сорь.
17 Та нар ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан тушаал, гэрчлэл, зарлигийг сайтар сахиж,
18 ЭЗЭНий өмнө юу нь зөв, сайн болохыг үйлд. Тэгвэл чи сайн сайхан байж, чиний өвөг дээдэст ЭЗЭНий тангарагласан тэр сайхан газар нутагт очин, эзэмшинэ.
19 ЭЗЭНий айлдсанчлан, чиний хамаг дайснуудыг өмнөөс чинь хөөн гаргана.
20 Хожим чиний хүү “Бидний Бурхан ЭЗЭНий танд тушаасан гэрчлэл, зарлиг, хуулиуд нь ямар учиртай юм бэ?” гэж чамаас асуувал
21 чи хүүдээ “Бид Египетэд Фараоны боол байсан юм. ЭЗЭН хүчирхэг мутраараа биднийг Египетээс авчирсан.
22 ЭЗЭН бидний нүдний өмнө агуу их аймшигт тэмдгүүд, гайхамшгуудыг Египетэд, Фараонд болон түүний хамаг гэр оронд үзүүлсэн юм.
23 Тэр бидний өвөг дээдэст тангарагласан нутагт биднийг оруулж, бидэнд өгөхийн тулд тэндээс авчирсан билээ” гэж хэл.
24 Бидний үргэлжийн сайн сайхны төлөө, мөн биднийг өнөөдрийнх шиг амьд байлгахын тулд ЭЗЭН эдгээр бүх зарлигийг дагахыг, өөрсдийн Бурхан ЭЗЭНээс эмээхийг бидэнд тушаасан.
25 Бид Түүний тушаасан ёсоор өөрсдийн Бурхан ЭЗЭНий өмнө эдгээр бүх тушаалыг дагахдаа хянуур байх аваас тэр нь бидний зөвт байдал болно.