Дэд Хууль
Бүлэг 18
1 1. Левийн тахилч нар буюу Левийн бүх овог нь Израилийн дунд хувь ч үгүй, өв ч үгүй болно. Тэд ЭЗЭНд галаар өргөх тахил болон Түүний хувиас идэх болно.
2 Тэд ах дүү нарынхаа дунд өвгүй байна. Учир нь ЭЗЭН тэдэнд амласан ёсоороо Өөрөө тэдний өв байх юм.
3 Ард түмний өргөлөөс тахилчийн авах хувь нь тахилд өргөх үхэр, хонины хаа, хоёр эрүү, гэдэс дотор болно. Эдгээрийг тахилчид өгөх ёстой.
4 Чи түүнд үр тарианыхаа дээж, шинэ дарс, тос, хонины ноосныхоо дээжийг өгөх ёстой.
5 ЭЗЭН Бурхан чинь танай бүх овгуудын дундаас түүнийг болон түүний хөвгүүдийг үүрд ЭЗЭНий нэрээр зогсоон, үйлчлүүлэхийн тулд сонгожээ.
6 Израилийн бүх газар нутаг дээрх аль нэгэн хотод амьдран суудаг Леви хүн тэндээсээ явж, ЭЗЭНий сонгосон газарт чин сэтгэлээрээ хүрч ирвэл
7 тэрээр ЭЗЭНий өмнө тэнд зогсож байгаа бүх Леви ах дүүсийнхээ нэгэн адил ЭЗЭН Бурханыхаа нэрээр үйлчлэх болно.
8 Түүний авах хувь нь тэдэнтэй адил байх бөгөөд эцгээс өвлөсөн хөрөнгийг худалдаж олсон мөнгө нь ч бас түүнийх болно.
9 ЭЗЭН Бурханы чинь чамд өгч байгаа тэр газарт чи хүрч очихдоо, тэндхийн үндэстнүүдийн жигшүүрт үйлсийг бүү дуурайгтун.
10 Та нарын дунд, хүү юм уу, охиноо галын дундуур гаргагчид, мэргэ төлөгч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин,
11 хараалч, сүнс зуучлагч, хар домч, сүнс дуудагч бүү байг.
12 Эдгээрийг үйлдэгч хэн боловч ЭЗЭНд жигшүүртэй юм. Ийм жигшүүрт үйлээс болж ЭЗЭН Бурхан чинь чиний өмнөөс тэднийг хөөн гаргана.
13 Чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө төгс бай.
14 Чиний хөөж гаргах эдгээр үндэстнүүд нь совин тайлагч, мэргэ төлөгчдийг сонсдог. Харин чиний хувьд, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэгэхийг зөвшөөрөхгүй.
15 ЭЗЭН Бурхан чинь чиний төлөө та нарын дундаас, ах дүү нарын чинь дотроос над шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж ирнэ. Та нар түүнийг сонсогтун.
16 Энэ нь Хореб ууланд чуулган болсон тэр өдөр чи ЭЗЭН Бурханаасаа гуйсан бүхний чинь дагуу юм. Тэгэхэд чи ‘’ЭЗЭН Бурханы минь дуу хоолойг надад дахин бүү сонсгооч. Энэ их галыг надад дахин бүү харуулаач. Би үхчих вий’’ гэж хэлсэн билээ.
17 ЭЗЭН надад “Тэдний хэлсэн үг зөв байна.
18 Би тэдний ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд тавина. Миний түүнд тушаах бүхнийг тэр тэдэнд хэлнэ.
19 Миний нэрээр түүний хэлэх Миний үгийг сонсохгүй хэн бүхэн Миний шийтгэлийг хүлээх болно.
20 Харин Миний хэлэгтүн гэж тушаагаагүй үгийг эш үзүүлэгч Миний нэрээр дураараа яривал, эсвэл өөр бурхдын нэрээр яривал тэр эш үзүүлэгч үхэх болно” гэсэн.
21 Та нар дотроо “ЭЗЭНий айлдаагүй үг гэдгийг бид яаж мэдэх билээ?” гэж бодох биз ээ.
22 Хэрэв эш үзүүлэгчийн ЭЗЭНий нэрээр хэлсэн зүйл болох ч үгүй, биелэх ч үгүй байвал тэр нь ЭЗЭНий айлдсан үг биш. Тэр эш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү ай.