2 Петр
Бүлэг 2
1 1. Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, өөрсдийнхөө дээр түргэн сүйрлийг авчран, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна.
2 Олон хүн тэдний тачаангуй явдлыг дагах бөгөөд тэднээс болж үнэний зам муугаар хэлүүлэх болно.
3 Тэд шуналдаа худал хуурмаг үгсээр та нарыг ашиглана. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, тэдний сүйрэл унтчихаагүй байна.
4 Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэлийн төлөө хадгалсан бол,
5 эртний ертөнцийг хэлтрүүлэлгүй, харин бурханлаг бус хүмүүсийн ертөнц дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг өөр долоон хүний хамт хамгаалсан бол,
6 хожмын бурханлаг бус хүмүүст жишээ болгохын тулд Содом ба Гоморрагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялласан бол,
7 ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол,
8 (учир нь тэрхүү зөвт хүн тэдний дунд амьдрах зуураа өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байлаа)
9 бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэддэг.
10 Ялангуяа ялзарсан хүсэл тачаалд махан биеэ өөгшүүлдэг, эрх мэдлийг үл тоомсорлодог хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа Эзэн мэднэ.Эрэмгий, дур зоргоороо авирлагч тэд тэнгэрлэг сүр хүчийг доромжлохдоо айн чичирдэггүй.
11 Сүр хүч болоод хүч чадлаар агуу тэнгэр элч нар Эзэний өмнө тэдний эсрэг доромжлолын шүүлтийг авчирдаггүй.
12 Харин тэдгээр нь баригдаж устгагдахын тулд л зөнгөөрөө байдаг адгуус болон төрж байдаг ухаангүй адгуус шиг мэддэггүй зүйлээ доромжлон тэдгээр адгууснуудтай адил мөн устгагдана.
13 Ингэхдээ тэд буруу үйлийнхээ төлөөст зовдог. Өдрийн цагаар наргиж, цэнгэхийг тэд жаргал хэмээн тооцдог байна. Толбо, өө сэв бүхий тэд та нартай хамт найрлахдаа өөрсдийн хуял тачаалдаа цэнгэдэг.
14 Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтэнгүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадлагажсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм.
15 Тэд зөв шулуун замыг умартан, зөвт бус байдлын хөлсийг хайрлагч Беорын хүү Балаамын замыг даган төөрөлджээ.
16 Гэвч Балаам үйлдсэн гэм нүгэлдээ зэмлэл хүртсэн билээ. Хэлгүй илжиг хүний дуугаар ярьж, тэр эш үзүүлэгчийн солиорлыг номхтгосон аж.
17 Тэд бол усгүй булаг, шуурганд туугдах манан будан юм. Тас харанхуй нь тэдний төлөө бэлтгэгджээ.
18 Учир нь тэд хоосон ихэрхэг үгсийг ярьж, алдаа төөрөгдөл дотор амьдардаг нэгнээс арай ядан зугтдаг хүмүүсийг махан биеийн хүсэл, тачаалаар уруу татдаг бөгөөд
19 хүмүүст эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэнэ, түүгээрээ боолчлогддог ажээ.
20 Хэрэв тэд ертөнцийн бузар бусармагаас Эзэн ба Аврагч Есүс Христийн мэдлэгээр ангижирсныхаа дараа тэдгээрээр дахин урхидуулан дийлдвэл тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дордох болно.
21 Учир нь зөвт байдлын замыг мэдээд, өөрсдөд нь өгөгдсөн ариун тушаалуудаас нүүр буруулан эргэснээс энэ замыг мэдээгүй байсан нь тэдэнд дээр байх байсан.
22 Тэдний хувьд “Нохой бөөлжсөө долоодог, гахайг угаасны дараа шаварт буцаж хөлбөрдөг” хэмээх үнэн сургаалт үгийн дагуу тохиолдсон аж.