1 Петр
Бүлэг 1
1 1. Есүс Христийн элч Петр би Понт, Галат, Каппадок, Ази болон Битун нутгуудаар тархсан, түр суурьшигч нарт илгээв.
2 Та нар бол Бурханы урьдаас мэдэх мэдлэгийн дагуу, Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулгавартай байхын тулд болон Түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт улам арвин болох болтугай.
3 Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болон Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу,
4 мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв уруу дахин төрүүлсэн.
5 Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ.
6 Хэдийгээр та нар эдүгээ түр зуур шаардлагатай бол элдвийн зовлонг эдэлж байгаа ч гэсэн үүндээ үлэмж баярладаг.
7 Ингэснээр та нарын итгэлийн шалгуур нь галаар шалгах боловч мөхөх алтнаас ч илүү үнэтэй байн, Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм.
8 Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг.
9 Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд сэтгэлийн авралыг олж авна.
10 Энэхүү авралын тухайд гэвэл, та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан,
11 өөрсдийнх нь дунд байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягтлан судалжээ. Учир нь Христийн зовлон болон дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ.
12 Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайн мэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан нь тэдэнд илчлэгдсэн юм. Тэнгэр элч нар ч эдгээр зүйлийг харахыг хүсдэг.
13 Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэлт дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь.
14 Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл.
15 Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун.
16 Яагаад гэвэл “Би ариун учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм.
17 Хэрэв та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, дэлхий дээр байх хугацаандаа эмээн биеэ авч яв.
18 Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн өөрсдийн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус,
19 харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн.
20 Учир нь Тэр ертөнц бүтээгдэхээс өмнө урьдаас мэдэгдсэн боловч цаг хугацааны төгсгөлд та нарын төлөө үзэгдлээ.
21 Та нар Түүгээр дамжуулан Бурханд итгэгчид юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр та нарын итгэл ба найдвар Бурханд байх юм.
22 Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биеэ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлагтун.
23 Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дамжуулан дахин төрсөн билээ.
24 Учир нь“Бүх махан бие болбоос өвс мэт бөгөөдБүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт.Өвс ганддаг, цэцэг унадаг.
25 Харин Эзэний үг мөнхөд оршино”.Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.