2 Тесалоник
Бүлэг 3
1 1. Эцэст нь ах дүү нар аа, Эзэний үг та нарын хувьд ямар байсан шиг, тийнхүү түргэн тарж, алдаршуулагдах болтугай гэж бидний төлөө залбир.
2 Тэрчлэн гажууд болон хорон муу хүмүүсээс биднийг гэтэлгэхийн төлөө залбир. Учир нь бүх хүн итгэлтэй биш аж.
3 Эзэн бол итгэмжит. Тэр та нарыг муу нэгнээс хамгаалан хүчтэй болгоно.
4 Бид та нарт юу тушаана, түүнийг та нар хийж байгаа болон хийх ч болно хэмээн та нарын талаар Эзэн дотор итгэх итгэл бидэнд бий.
5 Эзэн та нарын зүрхийг Бурханы хайранд ба Христийн тэвчээрт хандуулах болтугай.
6 Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу биш, эмх журамгүй амьдралаар амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр бид та нарт тушааж байна.
7 Учир нь бидний үлгэр дуурайллыг яаж дагах ёстойгоо та нар өөрсдөө мэддэг. Яагаад гэвэл бид та нарын дунд ёс журамгүй байгаагүй,
8 мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, эцэж туйлдталаа ажиллаж байлаа.
9 Бидэнд эрх байхгүйдээ ингэсэн юм биш, харин та нарыг бидний жишээг дагаасай гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгохын тулд ингэсэн юм.
10 Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэрэв хэн нэг нь ажил хийхгүй бол бүү идэг” гэж захидаг байсан.
11 Учир нь та нарын дундаас зарим нэг чинь эмх журамгүй амьдралаар амьдран, ажил огт хийхгүй, харин бусдын хэрэгт оролцдог хүмүүс адил загнаж байна гэж бид сонслоо.
12 Тийм хүмүүсийг анир чимээгүйгээр хөдөлмөрлөж, өөрсдийн талхаа идэхийг Эзэн Есүс Христ дотор тушаан уриалж байна.
13 Харин ах дүү нар аа, та нар сайныг үйлдэхээс бүү зүрхшээ.
14 Хэрэв хэн нэгэн чинь энэ захидлаар дамжуулсан бидний үгийг дагахгүй бол тэр хүнийг онцлон анхаар. Түүнийг ичээхийн тулд түүнтэй бүү нийл.
15 Тэр хүнийг дайсан мэт бүү үз, харин ах дүү болохын хувьд түүнд сануул.
16 Амар тайвны Эзэн Өөрөө та нарт ямар ч тохиолдолд амар тайвныг соёрхох болтугай. Эзэн та бүгдтэй хамт байх болтугай.
17 Паул би энэхүү мэндчилгээг өөрийн гараар бичиж байна. Энэ бол захидал тус бүр дэх ялгарах тэмдэг юм. Би ийм маягаар бичдэг.
18 Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай.