1 Тесалоник
Бүлэг 2
1 1. Ах дүү нар аа, бид та нар уруу дэмий очоогүй гэдгийг та нар өөрсдөө мэднэ.
2 Харин та нарын мэдэж байгаачлан биднийг Филиппойд хэдийнээ зовоож, бидэнтэй зүй бусаар харьцсан. Үүний дараа маш хүчтэй эсэргүүцлийн дунд Бурханы сайн мэдээг та нарт ярих зориг Бурханы минь дотор бидэнд байсан юм.
3 Учир нь бидний ятгалга нь алдаа төөрөгдөл эсвэл бузраас гараагүй, заль мэх дотор ч байгаагүй,
4 харин сайн мэдээ бидэнд даалгагдах нь Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин бидний зүрхийг шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм.
5 Учир нь та нарын мэдэж байгаачлан бид хэзээ ч зусарч үгтэй байгаагүй. Шунахайрлаа нуун дүр үзүүлээгүй. Бурхан бол гэрч.
6 Хэдийгээр бид Христийн элч нар болохынхоо хувьд та нарт эрх мэдлээ үзүүлж чадах байсан боловч бид алдрыг хүмүүсээс, та нараас ч, эсвэл бусдаас ч эрээгүй билээ.
7 Харин бид та нарын дунд хүүхдүүдээ асран байгаа эх хүн мэт зөөлөн байсан.
8 Бид та нарын хүслэн болж, та нарт зөвхөн Бурханы сайн мэдээг бус, мөн өөрсдийн амиа ч өгөхийг хүссэн юм. Яагаад гэвэл та нар бидний хувьд үнэхээр дотнын хүмүүс маань болсон байв.
9 Ах дүү нар аа, та нар бидний хөдөлмөр болон хүнд хэцүү байдлыг санадаг. Бид та нарын хэнд чинь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллан, та нарт Бурханы сайн мэдээг тунхагласан.
10 Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв болон гэм зэмгүйгээр хандсаныг та нар гэрчлэх бөгөөд Бурхан ч гэрч юм.
11 Эцэг хүн өөрийн хүүхдэдээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэг бүрийг ятган, урамшуулж, гуйж байсныг та нар мэднэ.
12 Ингэснээр өөрсдийг чинь Өөрийнхөө хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд та нар зохистойгоор явах юм.
13 Та нар биднээс Бурханы захиасын үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь буюу итгэдэг та нарын дотор бас ажлаа хийдэг Бурханы үг хэмээн хүлээн авсан. Үүний төлөө бид бас Бурханд үргэлж талархдаг юм.
14 Ах дүү нар аа, та нар Иудей дэх Христ Есүсийн доторх Бурханы чуулгануудыг дуурайгчид болов. Учир нь тэд иудейчүүдээс зовлонг амссан шиг, та нар ч мөн өөрийн нутаг нэгт хүмүүсийн гарт адилхан зовлонг эдэлсэн ажээ.
15 Иудейчүүд Эзэн Есүсийг болон эш үзүүлэгчдийг алж, бас биднийг хавчиж байв. Тэд Бурханд таалагдалгүй, бүх хүнд өстөн болж,
16 харь үндэстнүүдийн авралын төлөө биднийг ярихад саад хийснийхээ үр дүнд тэд үргэлж өөрсдийн нүглүүдийг дүүргэж байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа.
17 Гэвч ах дүү нар аа, бид та нараас зүрхээрээ биш, харин царай зүсээрээ түр зуур хагацсан боловч, нүүр царайг чинь харах гэж бүх хүслээрээ хичээн чармайсан.
18 Тиймээс бид та нар уруу очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав.
19 Учир нь хэн бидний найдвар, эсвэл баяр баясгалан, эсвэл өргөмжлөлийн титэм нь вэ? Энэ нь бидний Эзэн Есүсийг ирэхэд Түүний оршихуй доторх та нар ч гэсэн биш гэж үү?
20 Та нар бол бидний алдар бөгөөд баяр баясгалан билээ.