Колоссай

Бүлэг: 1 2 3 4


-Reset+

Бүлэг 3

1 1. Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрх зүйлсийг эрсээр бай. Тэнд Христ Бурханы баруун талд заларч байгаа.
2 Та нар оюун ухаанаа газар дахь зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрүүл.
3 Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан.
4 Бидний амь болох Христ илчлэгдэх үед та нар ч бас яруу алдар дотор Түүний хамт илчлэгдэх болно.
5 Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм.
6 Эдгээрээс болж Бурханы уур хилэн [дуулгаваргүй хөвгүүд дээр] ирэх болно.
7 Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгээрийн дотор алхаж л явсан.
8 Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хаягтун.
9 Бие биедээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ бузар муу зуршилтай нь тайлж,
10 шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу үнэн мэдлэгт шинэчлэгдсэн хүн юм.
11 Энд Грек ба Иудей, хөвч хөндүүлсэн ба хөвч хөндүүлээгүй, зэрлэгүүд, скутчууд, боол ба чөлөөт хүн гэж байхгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна.
12 Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс.
13 Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил.
14 Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм.
15 Христийн амар тайван та нарын зүрх сэтгэлийг захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун.
16 Бурханд хандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд хийгээд бүх мэргэн ухаанаар та нар бие биедээ заан, бие биеэ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.
17 Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөн, бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.
18 Эхнэрүүд ээ, Эзэний таалалд нийцүүлж нөхөртөө захирагдагтун.
19 Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуу ханд.
20 Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Ингэх нь Эзэнд таалагдана.
21 Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул.
22 Боолууд аа, махан биеийнхээ эзнийг бүх талаар дагагтун. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин сэтгэлээсээ үйлчил.
23 Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө үйлддэг шиг чин сэтгэлээсээ хийгтүн.
24 Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэддэг. Чи Эзэн Христэд үйлчилж байгаа юм.
25 Учир нь буруу юм хийсэн хүн, хэн ч бай ялгаагүй, хийсэн буруу зүйлийнхээ уршгийг хүртэнэ.