Филиппой

Бүлэг: 1 2 3 4


-Reset+

Бүлэг 1

1 1. Христ Есүсийн боол Паул би болон Тимот Филиппойд байгаа Христ Есүс доторх бүх ариун хүмүүст болон харгалзагчид, үйлчлэгч нарт илгээв.
2 Бидний Эцэг Бурханаас хийгээд Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай.
3 Та нарын талаарх бүх дурсамжиндаа өөрийн Бурханд би талархдаг.
4 Та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгөөр залбирлаа өргөдөг нь
5 та нар сайн мэдээг сонссон анхны өдрөөс өнөөг хүртэл үүн дотор хамтран зүтгэж байгаа тул юм.
6 Та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэж байна.
7 Та бүгдийн талаар ингэж бодох нь миний хувьд зөв юм. Яагаад гэвэл та нар миний зүрхэнд байдаг. Намайг сайн мэдээг батлан хамгаалж байхад ч, хүлээстэй байхад ч та нар бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ.
8 Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж буйд Бурхан миний гэрч мөн.
9 Та нарын хайр жинхэнэ мэдлэг ба бүх ойлгоцоор улам бүр бялхсаар байх болтугай гэж би залбирдаг.
10 Ингэснээр та нар Христийн өдрийг хүртэл цэвэр, гэм зэмгүй байхын тулд аль нь сайн болохыг ялгах чадвартай болох юм.
11 Ингэхдээ Бурханы магтаал болоод алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.
12 Ах дүү нар аа, эдүгээ миний нөхцөл байдал сайн мэдээний үлэмж ахиц дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм.
13 Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүх хүнд илэрхий болов.
14 Мөн ах дүү нарын ихэнх нь миний хүлээснээс болж Эзэнд итгэлтэй болж, Бурханы үгийг ярихдаа айлгүй улам илүү зоригтой байна.
15 Зарим нь үнэндээ атаархал, өрсөлдөөнөөс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаасаа тунхагладаг билээ.
16 Тэдгээр хүмүүс намайг сайн мэдээг хамгаалуулахаар томилсныг мэдээд хайрын үүднээс Христийг тунхагладаг.
17 Нөгөө хүмүүс нь чин сэтгэлээсээ бус өрсөлдөх хүслийн үүднээс Христийг тунхагладаг. Ингэхдээ тэд хүлээстэй намайг шаналгана гэж бодож байна.
18 Тэгээд юу гэж! Хуурамч ч бай, үнэнээсээ ч бай аливаа замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно.
19 Та нарын залбирал болон Есүс Христийн Сүнсний туслалцаагаар дамжуулан би суллагдах болно гэдгийг би мэддэг.
20 Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу Христ одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай бие дотор минь өргөмжлөгдөх болно.
21 Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм.
22 Хэрэв би махан биенд амьдрах аваас миний ажил үр жимстэй болох бөгөөд алийг нь сонгохоо би мэдэхгүй.
23 Гэвч би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Учир нь энэ нь илүү дээр юм.
24 Гэвч махан биендээ үлдэх нь та нарын тусын тулд илүү чухал байна.
25 Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвшилт болон баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байна гэдгээ мэдэж, үүндээ итгэлтэй байна.
26 Ингэснээр би та нартай дахин хамт байснаараа, надаас болж та нарын сайрхал Христ Есүсийн дотор бялхах болно.
27 Өөрсдийгөө зөвхөн Христийн сайн мэдээнд зохистойгоор авч явагтун. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч, эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайн мэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож байгаа гэж сонсох болно.
28 Мөн эсэргүүцэгчдийн юунаас ч айж сүрдэхгүй байгааг чинь би сонсох болно. Тэгээд ч айж сүрдэхгүй байх нь тэдний хувьд сүйрлийн тэмдэг, харин та нарын хувьд авралын тэмдэг юм. Энэ нь Бурханаас ирдэг юм.
29 Учир нь Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт соёрхогджээ.
30 Ингэхдээ та нар миний дотор харсан болон эдүгээ миний дотор байгаа гэж сонсож байгаатай адил тэмцлийг туулах юм.