Галат
Бүлэг 1
1 1. Хүмүүсээс биш, хүнээр биш, харин Есүс Христээр ба Түүнийг үхэгсдээс амилуулсан Эцэг Бурханаар элч болсон Паул би
2 болон надтай хамт байгч бүх ах дүү нар Галатын чуулгануудад илгээв.
3 Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл болон амар тайван нь та нарт байх болтугай.
4 Бидний Бурхан ба Эцэгийн хүслээр одоогийн бузар булай энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн төлөө Есүс Христ Өөрийгөө өгсөн юм.
5 Бурханд алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
6 [Христийн] нигүүлслээр та нарыг дуудсан Түүнээс та нар өөр сайн мэдээнээс болж тийм түргэн салж байгаад би гайхаж байна.
7 Тэр нь үнэндээ ондоо сайн мэдээ биш юм. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайн мэдээг гуйвуулахыг хүсэж байна.
8 Харин бид, эсвэл тэнгэрээс тэнгэр элч хүртэл бидний [та нарт] тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр хараагдаг.
9 Бид урьд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хэрэв хэн нэгэн хүн хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг та нарт тунхаглавал тэр хараагдаг.
10 Учир нь эдүгээ би хүмүүсийн тааллыг эрж байна уу? Эсвэл Бурханы тааллыг уу? Эсвэл би хүмүүсийн сэтгэлд нийцүүлэхийг оролдоно уу? Хэрэв би эдүгээ хүртэл хүмүүсийн сэтгэлд нийцүүлсээр байсан бол би Христийн боол биш байх байсан.
11 Ах дүү нар аа, миний тунхагласан сайн мэдээ нь хүний дагуу биш гэдгийг би та нарт мэдэгдэж байна.
12 Би үүнийг хүнээс аваагүй, хүнээр ч заалгаагүй. Харин Есүс Христийн илчлэлтээр хүлээж авсан билээ.
13 Учир нь Иудейн шүтлэг доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан.
14 Би өвөг дээдсийнхээ ёс заншилд дэндүү илүү сүжигтэй байж, Иудейн шүтлэг дотор нутаг нэгт олон үе чацуутнуудаасаа илүү дэвшиж байсан юм.
15 Харин намайг эхийнхээ хэвлийд байхаас сонгон тусгаарлаж, Өөрийн нигүүлслээрээ дуудсан Тэр нь
16 Өөрийн Хүүг миний дотор илчлэхээр таалсан юм. Ингэснээр би Түүнийг харь үндэстнүүдийн дунд тунхаглах юм. Тэр даруй би махан биетэйгээ, цустайгаа зөвлөсөн ч үгүй,
17 Иерусалим уруу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс уруу явсан ч үгүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирэв.
18 Тэгээд гурван жилийн дараа би Кефтэй уулзахаар Иерусалим уруу явж, арван тав хоног түүнтэй хамт байлаа.
19 Гэвч Эзэний дүү Иаковаас өөр бусад элч нарыг би хараагүй.
20 (Миний бичиж байгаа зүйл нь худал биш гэдгийг би Бурханы өмнө баталж байна.)
21 Дараа нь би Сири, Киликийн нутгуудаар явав.
22 Христ дотор байгч Иудейн чуулганууд өнөөг хүртэл зүсээр минь намайг таньдаггүй байв.
23 Харин тэд зөвхөн “Биднийг хавчиж байсан нэгэн тэр үед устгахаар оролдсон итгэлээ эдүгээ тунхаглаж байна” гэдгийг л сонссоор байсан.
24 Тэд надаас болж Бурханыг алдаршуулж байсан юм.