Номлогчийн Үгс
Бүлэг 5
1 1. Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээ ойлгодоггүй аж.
2 Зүрх сэтгэл чинь Бурханы оршихуйд үг хэлэхэд яараагүй байхад хэл тань бүү яараг. Учир нь Бурхан тэнгэрт, чи газарт байна. Иймд чиний үг чинь цөөхөн байг.
3 Зүүд зовнилоор арвин байдаг бол тэнэгийн дуу хоолой олон үгээрээ танигддаг.
4 Бурханд чи амласан бол хэрэгжүүлэхдээ бүү хойрго бай. Учир нь Тэр тэнэгүүдийг таашаадаггүй. Амласан зүйлээ биелүүл!
5 Амлаад үл биелүүлснээс амлахгүй байх нь дээр.
6 Чамайг нүгэлд өдөөхийг амандаа бүү зөвшөөрөгтүн. “Энэ нь алдаа байжээ” гэж Бурханы элчийн өмнө бүү хэл. Яагаад Бурхан чиний үгэнд уурсаж, чиний гарын ажил хэргийг устгах ёстой юм бэ?
7 Зүүд ба үгсийн олонх нь хоосон байдаг. Харин Бурханаас эмээгтүн.
8 Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм.
9 Бүхний эцэст талбайг боловсруулагч хаан тэр газартаа тэргүүлэх болой.
10 Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо цаддаггүй. Энэ нь бас л хоосон.
11 Баялаг өсөхийн хэрээр шатаагчид олшрох бөгөөд тэдгээрийг хараад суух нь өмчлөгчийн ашиг нь юм гэж үү?
12 Их ч, бага ч идсэн ажилчин хүний нойр таатай байдаг атал баян хүний цатгалан гэдэс өөрийг нь унтуулдаггүй ажээ.
13 Наран доор би нэгэн гунигийг харлаа. Хураасан баялаг нь эзэндээ зовлон авчирдаг.
14 Бүтэлгүй хөрөнгө оруулалтанд сүйрч, өөрийн хүүдээ өвлөх юмгүй үлдэх баячууд ч бас бий.
15 Хүн эхийн хэвлийгээс нүцгэн ирээд, ирсэн шигээ тийнхүү нүцгэн буцах ажгуу. Гартаа авч явж чадах хөдөлмөрийнхөө үр жимснээс хүн юу ч үгүй л одох аж.
16 Хүн яг ирсэн шигээ л буцах болдог нь мөн л эмгэнэлтэй хэрэг аж. Ингэвэл салхины төлөө хөдөлмөрлөгч хүнд ямар ашиг байх юм бэ?
17 Бүхий л амьдралынхаа туршид тэр үлэмж өвчин зовлон хийгээд уур уцаартайгаар харанхуй дотор хооллодог.
18 Сайн бөгөөд жаргалтай байхыг энд л би үзлээ. Энэ нь юу хэмээвээс идэх, уух хийгээд Бурханаас өөрт нь өгөгдсөн амьдралынхаа цөөхөн жилүүдийн турш наран доор хөдөлмөрлөсөн ажил бүхнээрээ өөрийгөө баясгах явдал байлаа. Учир нь энэ л түүний хувь хишиг аж.
19 Бурханаас эд баялаг, хөрөнгө зоорь авсан хүн бүрд Тэр тэдгээрийг эдэлж, хэрэглэх эрх олгож мөн өөрийн хөдөлмөрөөс баярлаж, хувь хүртэхийг зөвшөөрдөг. Энэ нь Бурханы бэлэг мөн.
20 Хүн амьдралынхаа жилүүдийг үргэлж дурсаад байдаггүй. Учир нь сэтгэл зүрхийг нь Бурхан баяр баясгалантай байлгадаг билээ.