Езра

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10


-Reset+

Бүлэг 3

1 1. Долдугаар сар болоход Израилийн хөвгүүдийг хотуудад байсан үед ард түмэн бүгд нэг хүн мэт Иерусалимд цуглацгаав.
2 Тэгэхэд Иозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелын хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэнчлэн шатаалт тахилыг дээр нь өргөхийн тулд Израилийн Бурханы тахилын ширээг босгов.
3 Тэд нутгийн хүмүүсээс айж байсан учраас тахилын ширээг суурин дээр нь байрлуулаад түүн дээрээ ЭЗЭНд шатаалт тахилуудыг өглөө, орой өргөв.
4 Тэд Майхан Баярыг бичигдсэн ёсоор тэмдэглэн, өдөр бүрийн тогтоосон тооны шатаалт тахилыг өдөр бүр шаардагдах хэмжээгээр зааврын дагуу өргөв.
5 Үүний дараа байнгын шатаалт тахилыг өргөж, мөн шинэ сар ба ариусгагдсан ЭЗЭНий тогтоосон бүх баяруудад зориулан өргөсөнд ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бүр үүнийг үйлдэв.
6 Долдугаар сарын эхний өдрөөс тэд ЭЗЭНд шатаалт тахилыг өргөж эхэлсэн боловч ЭЗЭНий сүмийн суурь нь тавигдаагүй байлаа.
7 Дараа нь тэд чулуучид, мужаануудад мөнгө өгч, Персийн хаан Корешийн тэдэнд олгосон зөвшөөрлөөр Ливанаас хуш моддыг Иоппа дахь далай уруу авчруулахаар идээ, ундаа, тосыг сидончууд болон тирчүүдэд өгөв.
8 Иерусалим дахь Бурханы өргөөнд ирснийхээ хоёр дахь жилийн хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд, олзлогдогсдоос Иерусалимд ирцгээсэн бүх хүмүүс ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хориос дээш насны левичүүдийг томилов.
9 Тэгээд Иешуа өөрийн хөвгүүд болон ах дүү нарынхаа хамт Кадмиел болон түүний хөвгүүд, Иудагийн хөвгүүд, Хенададын хөвгүүд өөрсдийнхөө хөвгүүдтэй болон ах дүү левичүүдтэй хамт нэгдэн Бурханы сүм дэх ажилчдыг хянахаар зогсоцгоов.
10 Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавимагц, Израилийн хаан Давидын зааварласанчлан ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмөргөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.
11 Тэд ЭЗЭНийг магтан, талархал өргөн,—Тэр бол сайн. Түүний хайр энэрэл нь Израиль дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүмүүс ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар хашхирцгаав.
12 Тахилчид, левичүүд болон эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн олон хөгшин хүмүүс анхны сүмийг үзсэн болохоор өөрсдийнхөө нүдний өмнө энэ өргөөний суурь тавигдахыг хараад чанга дуугаар уйлцгааж, олон хүн баярлан шуугиж байв.
13 Хүмүүс чанга дууаар шуугиж, чимээ нь алсад сонсогдож байсан учир хүмүүс баяр хөөрийн шуугианаас хүмүүсийн уйлах дууг ялгаж чадахгүй байв.