1 Самуел
Бүлэг 22
1 1. Давид тэндээс явж, Адулламын агуй уруу зугтав. Түүний ах нар болон түүний эцгийн гэрийнхэн бүгд үүнийг сонсоод Давидын байгаа газар уруу ирэв.
2 Зовсон, өрөнд орсон, сэтгэлээр унасан бүх хүмүүс Давид дээр цугларч ирсэн бөгөөд Давид тэдний дээр удирдагч болов. Ийнхүү дөрвөн зуугаад хүн түүнтэй хамт байв.
3 Давид тэндээс Моабын Мизпад очиж, Моабын хаанд—Бурхан надад юу хийж өгөхийг мэдэх хүртэл миний эцэг эх хоёрыг өөрсөдтэйгөө хамт байлгаач гэж гуйв.
4 Ингээд Давид эцэг эхийгээ Моабын хаантай хамт орхисонд эцэг эх нь Давидыг бэхлэлтэд амьдрах хугацаанд хааныд амьдрав.
5 Эш үзүүлэгч Гад Давидад—Бэхлэлтэд бүү нуугд. Босож, Иудагийн нутаг уруу явагтун хэмээн өгүүлсэнд Давид тэндээс гарч, Херетийн ой уруу явав.
6 Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс олдсон тухай Саул сонсов. Тэр үед Саул Гибеад, сухай модны доор, өндөрлөг газар гартаа жад барин сууж байв. Бүх зарц түшмэд нь түүнийг тойрон зогсож байв.
7 Саул тойрон байсан зарц нартаа—Сонсогтун, бениаминчууд аа! Иессийн хөвгүүн бас та бүгдэд тариалангийн ба усан үзмийн талбай өгч, бүгдийг чинь мянгатын болон зуутын дарга болгох уу?
8 Учир нь та нар бүгд миний эсрэг хуйвалдсан билээ. Миний хүү Иессийн хүүтэй гэрээ байгуулахад надад дуулгасан хүн үгүй, эдүгээ ч миний төлөө сэтгэл нь өвдсөн, эсвэл миний хүү боолыг минь миний эсрэг болгосныг ч надад дуулгах хүн байхгүй байна хэмээн зэмлэв.
9 Тэгтэл Саулын зарц нарын дэргэд зогсож байсан Едом хүн Доег—Иессийн хөвгүүнийг Нобт, Ахитубын хөвгүүн Ахимелех уруу ирснийг би харсан билээ.
10 Ахимелех түүний тухай ЭЗЭНээс асууж, түүнд хоол хүнс өгч, филист хүн Голиатын илдийг түүнд өгсөн хэмээн өгүүлэв.
11 Хаан нэг хүн илгээж, Ахитубын хөвгүүн тахилч Ахимелех болон түүний эцгийн гэрийнхэн болох Нобт байгаа тахилч нарыг дуудуулсанд тэд бүгд хаан уруу ирэв.
12 Саул—Ахитубын хөвгүүн ээ, одоо сонсогтун гэсэнд тэр—Эзэн минь, би энд байна гэв.
13 Тэгэхэд Саул түүнд—Юунд чи Иессийн хөвгүүнтэй хамт миний эсрэг хуйвалдаан зохиож, чи түүнд талх, илд өгч, өнөөдөр байгаа шиг миний эсрэг тэрслэн, бүгэж отоход нь туслан түүний тухай Бурханаас асуув? гэв.
14 Ахимелех хаанд хариулан,—Таны зарц нарын дотор Давид шиг үнэнч хүн хэн байна вэ? Давид бол хааны хүргэн, таны харуулын дарга, таны гэрт хүндтэй хүн юм.
15 Би түүний төлөө өнөөдөр л Бурханаас асууж эхэлсэн үү? Энэ нь надаас хол байг! Таны боол энэ бүх хэргийн тухай огт мэдэхгүй учраас намайг, эсвэл миний эцгийн гэрийнхнээс хэнийг ч хаан та бүү гүтгээч хэмээн өгүүлэв.
16 Гэвч хаан—Ахимелех ээ, чи заавал үхэх ёстой. Чи болон чиний эцгийн гэрийнхэн бүгд үхэх болно хэмээн өгүүлэв.
17 Хаан дэргэд нь зогсож байсан бие хамгаалагч нартаа—Явж очоод, ЭЗЭНий тахилч нарыг алагтун. Учир нь тэд Давидтай нийлж, мөн түүний оргосныг мэдсээр байж надад мэдэгдсэнгүй билээ гэв. Гэвч хааны зарц нар ЭЗЭНий тахилч нарт гар хүрч алахыг хүссэнгүй.
18 Тэгэхэд хаан Доегт—Чи явж очоод, тахилч нар уруу дайрагтун гэсэнд едом хүн Доег явж очоод, тахилч нар уруу дайрч, тэр өдөр маалинган ефод өмссөн наян таван хүнийг алав.
19 Тэр тахилч нарын хот Нобыг, тэндхийн эрэгтэй эмэгтэй, нялхас хүүхэд, мөн үхэр, илжиг болон хонийг нь илдний ирээр устгав.
20 Гэвч Ахитубын ач, Ахимелехийн нэгэн хөвгүүн Абиатар гэгч хүн зугтан, Давидын араас ирэв.
21 Саул ЭЗЭНий тахилч нарыг хөнөөснийг Абиатар Давидад мэдэгдэв.
22 Тэгэхэд Давид Абиатарт—Тэр өдөр едом хүн Доегийг тэнд байхаар нь тэр лав Саулд мэдэгдэнэ гэдгийг би мэдэж байсан билээ. Би чиний эцгийн бүх гэрийнхэнд үхэл авчирлаа.
23 Надтай хамт байгтун. Бүү ай. Учир нь миний амийг эрж буй хүн чиний ч амийг эрж байгаа тул надтай хамт чи аюулгүй байна хэмээн өгүүлэв.